Монгол банкнаас өнөөдөр сар бүрийн ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.
Хурлаар Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд долоо дугаар сард 15.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 231 зээлийн хүсэлтэд олгохоор арилжааны банкнуудад хуваарилжээ. Ингэснээр он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтэд 2050 орчим иргэн хамрагдсан байна.
Өөрөөр хэлбэл, Засгийн газраас 59.6 тэрбум төгрөгийг 860 зээлийн хүсэлтэд, Монголбанкнаас 96.2 тэрбум төгрөгийг 1187 зээлийн хүсэлтэд олгожээ. Энэ онд ипотекийн зээлийг улсын төсвөөс болон Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс нийт 300 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа юм. Ингэснээр зээлдэгчдийн тоо өмнөх оныхоос 1000 буурч 5000 орчим хүн хамрагдах төлөвтэй байна.
Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Монголбанкнаас ипотекийн хөтөлбөр Засгийн газарт шилжинэ. Тиймээс Төр өөрийн бодлогоор тусдаа авч явах шаардлагатай болж байгаа аж. Долоо дугаар сарын байдлаар нийт зээлдэгчдийн тоо 93,885 хүрчээ. Харин ипотекийн зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт хүрсэн талаар Монголбанкнаас мэдээллээ.
Мөн долдугаар сарын байдлаар 15.5 их наяд нийт зээл байгаа бөгөөд зээлийн үлдэгдэл өмнөх сараас 192.5 тэрбум төгрөгийн буюу 1.3 хвиар өссөн байна. Хэвийн зээл өмнөх сараас 26.9 тэрбум буюу 0.2 хувиар буурсан байна. хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 206.3 тэрбум буюу 25 хувиар өсчээ. Харин чанаргүй зээл өмнөх сараас 13.2 тэрбум буюу нэг хувиар өссөн байна.
Энэ жилийн дүнгээр буюу долдугаар сарын байдлаар нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд имфляцийн 8.8 хувьтай байгаа юм. Энэ талаар Мөнгөний бодлогын захирал Б.Баярдаваа “Имфляцийн 8.8 хувийг дотор нь задалж авж үзэх юм бол хэд хэдэн онцлог шинжтэй бүтээгдэхүүнүүд бий. Энд хүчин зүйл байдлаар нь тайлбарлах юм бол байгаль цаг агаарын шинжтэй нөлөө бол инфляцад шингэж гарч ирж байгаа.
8.8 хувийн имфляцийн нэг хувийг шинэ ногооны үнэ эзэлж байгаа бол нүүрс модны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 60 хувиар өссөн бөгөөд имфляцийн 1.6 хувийг дангаараа эзэлж байна. Гэр хороололд хэрэглэгдэж буй нүүрсийг хатуу түлшээр солих бодлогын арга хэмжээ авахаар бид төлөвлөж байгаа” гэлээ.
Мөн бензиний үнэ нийт имфляцийн 0.8 хувийг дангаараа эзэлж байна. Бензиний үнэнд сүүлийн үед ямар хандлага явж байна гэхлээр дэлхийн зах зээл дээр байсан нефтийн үнэ бол 70 орчим долларт хүрсэн. Үүнд геополитик, нийлүүлэлтийн асуудал дэлхийн зах зээл дээр тодорхой бус байдлаар нөлөөлж байна. Нефтийн үнэ зөвхөн монгол биш бусад улс оронд бас дотоодын зах зээлд нөлөөлж байгаа. Тухайлбал, ОХУ-ын нефть экспортлогч улс боловч дотоодын зах зээлд нь бензиний үнэ өсөх хандлага ажиглагдаж байна.
Инфляцад нөлөөлж байгаа дараагийн нэг хүчин зүйл бол махны үнэ. 6-7 сард махны үнэ буурч хаврын улирал хүртэл үргэлжилдэг тогтсон хандлагатай. Харин энэ жилийн долоон сарын байдлаар энэ зүй тогтол ажиглагдаагүй. Зуншлага хожуу болсон, малын тарга тэвээрэг хойшлогдсон үүнээс гадна долдугаар сард олон удаагийн давтамжтай бороо орсонтой холбоотойгоор махны нийлүүлэлтэд нөлөө үзүүлсэн. Эндээс шалтгаалж нийт имфляцийн 1.1 хувийг махны үнэ дангаараа эзэлж байна. Дээрх бүгдээс гадна согтууруулах ундаа имфляцийн 0.5 хувийг эзэлж байна. Нийт инфляц өндөр мэт боловч дотроо нийлүүлэлтийн дээрх бараа бүтээгдэхүүн багагүй хувийг нь тайлбарлаад байна” гэлээ.
Р.Хишигжаргал