Сангийн сайд өчигдөр нэгэн сайн мэдээ дуулгалаа. Олон улсын үнэлгээний Fitch агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг “В” буюу “Тогтвортой” зээлжих зэрэглэл рүү нэг шат ахиулснаа зарлажээ. Манай улс өмнө нь “В-” буюу “Эерэг” гэсэн зээлжих зэрэглэлд ангилагдаж байсан бол ийн зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулаад байна.
Энэ нь уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээс эдийн засгийн таатай уур амьсгал бүрдүүлэхэд чухал түлхэц болж байна. Анх У.Хүрэлсүхийн засаг гарч ирэхэд манай улсын зээлжих зэрэглэл муу байсан. Гэвч нэг жилийн дотор зээлжих зэрэглэлээ В хүртэл ахиулж чадсан нь манай улсын төсөв санхүүгийн бодлого тогтвортой, эерэг үзүүлэлттэй гарч байгаагийн илрэл ажээ.
Тэгвэл ОУВС болон Fitch Ratings агентлагын гаргаж байгаа манай улсын өнөөгийн байдал цаашдын эдийн засагт гарах төсөөллөөс танилцуулахад:
Төсвийн гүйцэтгэл, тоон үзүүлэлтүүд өмнөх оны арваннэгдүгээр сараас хойш тогтмол сайжирч энэ оны тавдугаар сард төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 26 хувь өссөн. Мөн төсвийн зарлага хувьд хүрсэн нь энэ оны зорилтот төвшинд хадгалагдаж байна. Fitch Ratings агентлагаас төсвийн алдагдал 2018 оны эцэст ДНБ-ний 3.9 хүртэл бууран, улмаар Засгийн газрын нийт өр ДНБ-ий 75.3 хувь (2017 онд 81.2хувь, 2016 онд 91.4 хувь байсан) хүртэл буурна гэсэн төсөөлөлтэй байна.
Олон Улсад зээлжих зэрэглэлийг тогтоодог үнэлгээний гурван том агентлаг байдгийн нэг нь Fitch Ratings агентлаг юм. Тэгвэл тус агентлагийн таамаглаж байгаагаар манай улс 2020 он гэхэд ДНБ-ий өсөлт 12,7 хувьтай болж, төсвийн алдагдал 4 хувьд хүрч, ханшийн тогтвортой байдал бий болно гэж үзэж байна.
Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг зургадугаар сард хэлэлцэж баталсан ба хөтөлбөрийн хэрэгжилт сайн, 2018 оны гуравдугаар сарын байдлаар бүх тоон үзүүлэлтүүд амжилттай хангагдсан болохыг тэмдэглэсэн. Ийнхүү ОУВС цаашлаад бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүд үргэлжлэн хийгдэх боломж бүрдсэн.
Монгол Улсын гадаад валютын нөөц өмнөх оны эхээр 1 тэрбум ам.долларттай тэнцэж байсан бол ОУВС-гийн хөтөлбөртэй уялдаатайгаар санхүүжилтүүд хийгдсэнээр 2018 оны тавдугаар сарын байдлаар 3.3 сая ам.долларт хүрч өссөн байна.
Хэрэглээ болон уул уурхайн салбарын хамааралтай хөрөнгө оруулалтууд нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт үргэлжлэн сайжирч энэ оны нэгдүгээр улиралд 6.1 хуввд хүрчээ. Fitch Ratings агентлагаас Монгол Улсын бодит ДНБ-ийг энэ оны эцэст гэхэд 5.2 хувь, 2019 онд 6.3 хувьд хүрэх төсөөлөлтэй байгааг мэдэгдсэн байна.
Ийм нэг хүнд ногдох ДНБ, бизнесийн зэрэглэл хийх, гүйцэтгэлийн үнэлгээ зэрэг бүтцийн хүчин зүйл нь Монголын зээлжих зэрэглэлийн ангилалд ихээхэн дэмжлэг үзүүлнэ хэмээн агентлагийн зүгээс үзэж байгаа юм.
Манай улс “В” зэрэглэлд шилжсэнээр, Төсвийн сахилга батийг чанд барих, түүхий эдийн үнийн болон гадаад орчны хэлбэлзэл нь эдийн засгийг эмзэг байдалд хүргэдэг макро эдийн засгийн зохистой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэсэн бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж, “В” зэрэглэлээ хөгжүүлэх цаашдын ажил бидэнд үлдлээ.
Б.Цэрэнлхам
Сэтгэгдэл (35)