Ази Европыг холбосон транзит тээврийн шинэ замыг Монгол улсаар дайруулан өнгөрүүлэх, манай улсад өгөөжтэй байлгах талаар олон санал санаачлагууд яригддаг ч одоогоор бодит биеллээ олоогүй байгаа. "Алтанбулаг–Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлд баригдах 1000 км хурдны авто замын сүлжээг барих төслийг концессийн нөхцлөөр барих-ашиглах-шилжүүлэх эрхээр барихаар “Чингис Лэнд Девелопмент Групп–Шинэ хөгжлийн зам” ХХК суурь судалгаануудаа хийсэн байдаг.
ОХУ, Хятад улсыг холбосон олон улсын авто замын сүлжээ баригдсанаар эдийн засгийн олон үр өгөөж манай улсад ирэх юм. Төслийн баг олон улсын авто зам барих ТЭЗҮ-ийг боловсруулахдаа монгол орны байгаль цаг уур, газар зүйн байрлал онцлогт тохируулан цогц судалгаа хийжээ. Концессийн нөхцлөөр баригдах төслийн хүрээнд Алтанбулаг, Замын-Үүд, Хөшигтийн хөндийд чөлөөт бүсүүд байгуулагдана.
Уг авто замын трасс нь зургаан аймгийн 24 сум, Улаанбаатар хотын хоёр дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн бөгөөд хурдны авто зам нь хоёр урсгал, зургаан эгнээтэй байх аж. Азиас гарсан транзит тээвэр 72 цагийн дотор Европд хүрэх онцлогтой энэ төсөл нь шинэ боломжуудыг манай улсад өгөх гэнэ.
Хөрш хоёр орны худалдаа, бараа эргэлтийн хэмжээ тогтмол өсөж байгаа энэ цаг үед уг авто замын төсөл хэрэгжиж эхэлснээр манай улс байгалийн баялгаа бус байршлын давуу талаа ашиглан эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Бодко