Зээлийн мэдээллийн сан нь нэг талаас зээлдүүлэгч байгууллагуудын зээл олгох эрсдэлийг бууруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эрэлтийг хянах үүрэгтэй. Нөгөө талаас зээлдэгчдийн санхүүгийн сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Зээлийн мэдээллийн санд мэдээлэл оруулах зээлдүүлэгч байгууллагууд Монголбанктай гэрээ байгуулан мэдээллийн санд мэдээлэл авах болон нийлүүлэх эрх авдаг. Мэдээлэл нийлүүлэгч байгууллагын тоо өдөр тутам нэмэгдэж байна. Энэ санд одоогоор 800 мянга гаруй зээлдэгчийн 9 сая 753 мянга 787 ширхэг зээлийн мэдээлэл агуулагдаж байна.
Үүнд арилжааны 14 банк, Хөгжлийн банк, 407 ББСБ, 94 ХЗХ, МИК, Зээлийн батлан даалтын сан, лизингийн компаниуд, зээлийн мэдээлэл ашигладаг гар утасны оператор компани, төрийн болон хувийн хэвшлийн нийт 540 гаруй байгууллага, аж ахуйн нэгж Зээлийн мэдээллийн санд хандах эрхээ аваад байгаа аж. Иргэд, хэрэглэгчдээс “Гар утасны төлбөр зээлийн мэдээллийн санд багтах нь зөв үү. Тус сангаас 41 мянган иргэнийг хасахад гар утасны төлбөрийн шалтгаанаар энэ санд багтсан хүмүүс хасагдсан уу” гэсэн мэдээлэл ихээхэн ирэх боллоо.
Энэ талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвөөс тодруулахад “Гар утасны төлбөр нь төлбөрийн үйлчилгээ явуулдаг байгууллагын хувьд Зээлийн мэдээллийн сантай гэрээ байгуулан мэдээлэл авах болон мэдээлэл нийлүүлэх эрх авсан учраас бусад төрлийн зээлтэй ижил журам үйлчилнэ. Тухайлбал 41 мянга гаруй иргэнийн зээлийн мэдээллийн түүхийг хаасны дотор гар утасны төлбөртэй холбоотой зээл байсан. Тэд холбогдох журамд заасны дагуу “2018 оны хоёрдугаар сарын 1-ээс өмнө зээлээ бүрэн төлсөн, нэг удаагийн чанаргүй зээлийн түүхтэй, 91 хоногоос хэтрээгүй хугацаанд суурин болон үүрэн гар утасны оператор компанид зөрчлөө арилгасан” гэсэн шаардлагуудыг хангасан бол зээлийн мэдээллийн сөрөг түүхээс хассан. Гэхдээ энэ нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээ гэдгийг анхаарах хэрэгтэй” гэсэн юм.