Санхүү эдийн хямралтай он жилүүд үргэлжилсэн хэвээр байна. Энэ үед хямралаас гарах, гэтлэх арга замыг нээхээр Сэлэнгэ аймаг эрэлхийллээ. Ардын хувьсгалын өлгий, атар газрыг эзэмшигч нутгийнхан эдийн засгаа өөд татах алхмаа ч энэ чуулганаар тодорхойлж чадсан юм.
Нутаг орны онцлог, ямар салбараа түшиглэх, хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдэх гээд чамгүй олон зүйлийг дэвшүүлэн боломжит хувилбаруудаа гадаад дотоодынхондоо дэлгэсэн нь үр дүнд хүрэх гарц боллоо. Газар тариалангийн бүс нутаг учир мал аж ахуйг оновчтойгоор дэмжих ч шаардлага үүссэнийг аймгийн Засаг дарга Ш.Оргил хэлж "Манай аймаг эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Бэлчээрийн даацаа бодсон ч ийм алхам хийх шаардлагатай байна. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйн ашиг, үр шим иргэдэд ямар ач тустайг ойлгуулах хэрэгтэй. Бид хөрөнгө оруулагчидтай уулзахаас илүүтэй ажил хэрэгч байдлаар ярилцах цаг болсон. Миний хувьд үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана" гэж онцоллоо.
Ийнхүү сэлэнгэчүүд эдийн засгийн хямралаа гэтлэх аргачилла зөвлөлдөж, шийдэлд хүрч байгаа нь жишиг болж байна. Мөн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, дотоод гадаадын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон нь сайшаалтай үйл явдал юм.
Сэлэнгэ аймгийн жишгээр бусад аймаг ч өөрсдийн онцлогийг тодорхойлон эдийн засгаа аварч, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх хэрэгтэй болов уу.