Хятадын хууль тогтоох байгууллага болох БХАТИХ-ын Байнгын хороо "Шударга бус өрсөлдөөний тухай хууль"-д өөрчлөлт оруулах төслийг хянан хэлэлцсэнээр Хятад улс уг хуульд 24 жилийн дараа томоохон өөрчлөлт оруулах болж байна. Хуулийн шинэ төсөлд одоогийн хэрэгжүүлж байгаа хуульд хамрагдаагүй асуудлууд багтаж, шударга бус өрсөлдөөний тухай хууль зүйн "зааг шугам"-ыг улам боловсронгуй болгосон бөгөөд интернетийн шударга бус өрсөлдөөн болон бизнесийн салбарын авилгын хэрэгт чиглэсэн агуулгыг нэмж оруулснаар хууль зөрчсөн үйл ажиллагааг залхаан цээрлүүлэх болон засаг захиргааны торгууль оноохоор болжээ.
"Зах зээлийн эдийн засгийн үндсэн хууль" хэмээгдсэн шударга бус өрсөлдөөний тухай хуулийг анх 1993 онд хэрэгжүүлж эхэлсэн бол тус хууль нь голч шударга өрсөлдөөнийг хамгаалж, социалист зах зээлийн эдийн засгийн эрүүл хөгжлийг батлахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Гэсэн хэдий ч Хятад улсын зах зээлийн эдийн засгийн хөгжлийг дагалдан, шинэ төлөв байдал, худалдааны шинэ хэв загвар үүсэхийн хэрээр уг хуульд зохимжгүй буюу доголдолтой асуудлууд илэрсэн байна.
Хятадын Үйлдвэр худалдааны засаг захиргааны удирдлагын үндэсний газрын дарга Жан Мао хэлэхдээ: нэгд, практикт шинээр гарч байгаа дэг журмыг эвдэх, шударга бус өрсөлдөөний шинжтэй үйл ажиллагааны талаар одоогийн мөрдөж байгаа хуульд дурдаагүй юм. Одоогийн мөрдөж байгаа хуульд дурдсан шударга бус өрсөлдөөний үйл ажиллагаа, түүний шинж тэмдгийн өөрчлөлт хувиралт нь шударга бус өрсөлдөөний хууль хэрэгжилтэд бүрэн гүйцэд үндэслэл болж чадахгүй байна.
Хоёрт, шударга бус өрсөлдөөний ажиллагааны тухай дүрэм тогтоол болон түүнийг засах механизм нь боловсронгуй бус байна. Иргэний хэргийн хохирол төлөх хэмжээний шударга бус өрсөлдөөний үйл ажиллагааг засан цэгцлэх явц дахь үүргийг цаашид эрчимжүүлж, засаг захиргааны шалган шийтгэх арга хэмжээг цаашид шинэчлэх хэрэгтэй байна. Хэргийн явцад болон хэргийн дараа хяналт тавих шаардлагын дагуу иргэний хэргийн хариуцлага болон засаг захиргааны шийтгэлийг бодитоор уялдуулах шаардлагатай байгаа бөгөөд эрүүгийн хариуцлагыг хамгийн эцэст нь авах арга хэмжээ болгох хуулийн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй байна.
Хуулийн цоорхой нь бизнесийн эмх замбараагүй өрсөлдөөнийг хурцдуулж байна. Үүнд олон нийтийн анхааралд орсон Тенсент компани болон 360 компанийн маргааныг дурдаж болно. Энэ нь аж ахуй эрхлэгчдийн шударга өрсөлдөөний ойлголт дутуу байгаа болон одоогийн мөрдөж байгаа хууль иймэрхүү шинэ байдлыг зохицуулах арга байгааг харуулж байна.
Нийслэлийн эдийн засаг худалдааны их сургуулийн хууль зүйн дээд сургуулийн дэд профессор Жоу Шүжүн хэлэхдээ, Тенсент компани болон 360 компанийн маргаанд хоёр тал нөгөө нэг талынхаа программ хангамжийг хаасан боловч тэдний программ хангамж маш өргөн хэрэглээтэй байсан. Харилцан бие биеийнхээ программ хангамжийг хаах нь ерөнхийлөн ашиглах боломжгүй болгож, хэрэглэгчид зөвхөн нэгийг нь сонгохоос өөр аргагүй болжээ. Гэвч одоогийн мөрдөж байгаа шударга бус өрсөлдөөнийг эсэргүүцэх хуульд интернет сүлжээний салбарын шинэ хэлбэрийн шударга бус өрсөлдөөний тухай агуулга байхгүй юм.
Интернетийн салбарт гарч буй асуудлуудад чиглүүлэн хуулийн төсөлд шударга бус өрсөлдөөнийг хориглох хуулийн заалт нэмж сайжруулжээ. Монополууд техникийн арга хэлбэрийг ашиглан интернетийн салбарт саад хийх мэтийн хэрэглэгчийн сонголтыг өөрчлөх, бусад монополуудын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх үйлдэл хийхгүй байхыг дурджээ. Нэгд, хууль ёсны интернетийн үйлчилгээнд зөвшөөрөлгүйгээр холбоос оруулан, өөрийн нүүр хуудас руу хүчээр шилжүүлэх. Хоёрт, хэрэглэгчийг хуурах, албадах зэргээр хууль ёсны интернет үйлчилгээг хаалгах, урсгах, өөрчлөх. Гуравт, бусад хүмүүсийн хууль ёсны интернетийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэвийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцох буюу хохироох. Дөрөвт, бусдын хууль ёсны интернетийн бүтээгдэхүүн болон үйлчилгээг ёс бусаар хаах зэрэг болно.
Хятадын үйлдвэр худалдааны захиргааны дарга Жан Мао: "Интернетийн салбар шударга бус өрсөлдөөнийг эсэргүүцэх шаардлагыг үндэслэн энэ төслийг нэмж боловсруулан, аж ахуй эрхлэгчид технологийн арга барилаар бусдад нөлөөлөх үйл ажиллагааг хориглохыг зорьсон". Хуулийн төсөлд мөн худалдааны хээл хахуульд цохилт өгөхийг тогтоосон. Аж ахуй эрхлэгчид худалдаанд нөлөөлж мэдэх гуравдагч талд хээл хахууль өгөхгүй байж, гуравдагч тал авилга авахгүй байхыг заасны зэрэгцээ худалдаанд нөлөөлж мэдэх гуравдагч тал гэдэг нь албан тушаал эрх мэдэлдээ ашиглан худалдаанд нөлөөлж мэдэх албан нэгж болон хувь хүнийг зааж байна хэмээн тодотгосон байна.
Эх сурвалж: Синхуа агентлаг