Япончууд дорны уламжлалаар цагаан сар тэмдэглэдэг боловч баярын өдрийг билгийн тооллоор тогтоодоггүйгээрээ Азийн бусад орноос ялгаатай. 1873 оноос хойш Японд сарны тооллоор Цагаан сар тэмдэглэх заншлыг халжээ. Тиймээс өдгөө жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд Цагаан сараа хийж, шинэ оноо угтдаг болжээ. Цагаан сарын өмнө Японы шуудангуудын ачаалал эрс нэмэгддэг. Учир нь, шинэ оны баяр хүргэн мэндчилгээ, ил захидал илгээх нь Цагаан сарын хамгийн түгээмэл уламжлалын нэг юм. Тиймээс шуудангууд энэ үеэр цагаар ажиллах шууданчийг олноор нь авч ажиллуулдаг байна. Зөвхөн гэр бүлд нь уй гашуу тохиолдсон хүмүүс л ил захидал явуулдаггүй. Мэдээж, ил захидлын зураг чимэглэл нь тухайн онд гарч буй 12 жилийн амьтных байдаг. Япончууд Хятадтай адил хүүхдүүддээ дугтуйтай бэлэг өгдөг. Энэ заншлыг японоор “отошидама” гэж нэрлэдэг байна.
Японы цагаан сарын зоогийн хүндэт идээ нь будааны бялуу юм. Мочи гэж нэрлэдэг будааны бялууг оны сүүлчийн өдөр бэлтгэж хийгээд оны эхний өдөр гэр бүлээрээ зооглодог ёстой. Япончууд шинэ он эхлэхэд бүх зүйл шинээр эхэлж байна гэж үздэг ард түмэн. Тийм ч учраас, анхны нар, анхны инээмсэглэл, анхны захидал гээд шинэ оны эхний өдрийн үйл бүхнийг бэлэгддэг гэнэ.
Манайхаар бол битүүний өдрийн зоог нь Хятадын цагаан сарын хамгийн чухал үйл явдлын нэг. Жилийн турш хол байсан ах дүү, үр хүүхэд нь эргэж төрсөн гэртээ цугларан цагаан сарын өмнөх орой ширээ тойрон сууж, баярын идээ зоогоо барих нь их утга учиртай байдаг аж. Энэ өдрийн зоогонд гахай, нугас, тахиа, загасны махаар амттай хоол бэлтгэж, хажуугаар нь амттанаар ширээгээ дүүргэдэг. Хооллосныхоо дараа хашаандаа салют буудуулж, ойролцоохь сүм хийдэд очиж мөргөдөг байна. Мөн гэртээ бурхан шүтээндээ зориулж идээ ундаа ч өргөдөг ёстой. Цагаан сарын эхний өдөр олон айл махаар хийсэн хүнс хоол идэхээс татгалздаг. Түүнчлэн шинийн нэгэнд хутга харшилдуулахыг цээрлэдэг учир бүх хоол хүнсээ урьдчилан бэлтгэдэг. Харин шинийн хоёрны өдөр айлын бэр болоод явсан охидууд төрсөн гэртээ очдог ёстой.
ЛАОС
Лаос цагаан сарыг “Лин” хэмээн нэрлэдэг. Тус баярыг таван хоног тэмдэглэдэг юм. Тэд битүүний шөнө зул асааж, нас барсан хүмүүсийнхээ ардаас залбирал үйлддэг гэнэ. Харин шинийн 1-нд 40 дээш насны эрчүүд ууланд тахил өргөдөг байна. Харин 50 дээш насны эмэгтэйчүүд 10 доош насны охидуудад үлгэр уншиж, өгдөг уламжлалтай аж.
КАМБОЖ
Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын дундуур тэмдэглэдэг байна. Борооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааж, иргэд гурван хоног амарч баярладаг. Гэрээ цэвэрлэн, цэцэг, бөмбөлгөөр гоёж, лаа асаадаг бөгөөд тахианы мах, будаа, жимс, амттан бэлтгэдэг. Баяраар сүм хийдэд очиж, шашны ёслол үйлдэхээс гадна үндэсний тоглоом наадам зохион байгуулдаг гэнэ. Дуу дуулж, бүжиг бүжиглэн хүүхэд багачуудынхаа хамт хөгжилддөг байна.
Сэтгэгдэл (3)