1905 оны Оросын хувьсгалын эхлэл
1905 он: Нэгдүгээр сарын 9-ний (шинэ тооллын 22) эмгэнэлт хэрэг явдал хувьсгалын эхлэлийг өдөөв. Бараг бослого байхаар төлөвлөгдсөн ажилчдын жагсаал эхлээд тийм эмгэнэлд хүргэхээр харагдаагүй юм. Тэд хааны зургийг бариад гоёчихсон хаанд гуйлт хүргэхээр явж байжээ. Гүйцэтгэх чуулганыг нэн даруй хуралдуулж, түүнийг нийтийн нууц тэнцүү саналаар цуглуулах, улс төрийн хоригдлуудыг суллах, иргэний эрхийг өргөтгөх зэрэг шаардлага тавьсан байлаа.
Хар лам Георгий Гапон жагсаалыг толгойлж явсан ба тэрээр ажилчдыг турхирсан өдөөн хатгагч байжээ. Хувьсгал гэж бодоо ч үгүй явсан хүмүүсийг тэрээр армийн галд оруулсан байв. Хүмүүс урдаас нь гал нээсэн арми ба араас нь турхиран шахсан хувьсгалчдын дунд учраа ололгүй явжээ. Гапон энэ цуст хэргийг өдөөсний дараа зугтан гадаадад гарсан байлаа. Уур хилэн нь бадарсан олон дэлгүүр хоршоог ниргэн тонож, цэрэг, цагдаа нарт халдсан байв. Олон хүн алагдсан ба тэдний тоо олон баримтуудад зөрөөтэй байдаг.
Энэ хэрэг явдлын дараа либерал сөрөг хүчин идэвхжиж, хувьсгалт байгууллагууд төрөн Оросын анхны хувьсгал эхэлжээ.
Зөвлөлтийн коммунистуудын удирдагчийн амийг хөнөөхөөр оролдов
Л.И. Брежнев
1969 он: Энэ өдөр Москва «Союз-4» ба «Союз-5» сансрын хөлгийн нисгэгчдийг угтаж байлаа. Тэднийг угтсан цуваанд ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев явж байсан ба телевизийн шууд нэвтрүүлэг гэнэтхэн тасарчээ. Хүмүүс бодит мэдээлэлгүй, элдвийг таамаглаж байлаа. Маргааш нь сансрын нисгэгч нарт халдсан гэж ТАСС мэдээлсэн боловч хүмүүс Брежневыг л буудсан гэдэгт нь итгэлтэй байсан ажээ. Ломоносов хотод байрлаж байсан геодезийн 61 дүгээр отрядын 23 настай офицер Виктор Ильин ангиасаа хоёр гар буутай оргон Москвад ирээд өөрийн авгийн цагдаагийн хувцсыг өмсөөд саадгүйгээр Кремлийн Боровицкийн цамхаг хүрч ирсэн байв. Төр засгийн цуваа Улаан талбайд орж ирэхэд Ильин цувааны хоёр дахь машинд Брежнев яваа гээд уг машиныг буудсан юм.
Цувааг хамгаалж явсан мотоциклчин түүнийг дайрч унаган өөрөө шархадсан байв. Машиныг буудсаны дараа сансрын нисгэгчид Терешкова, Николаев, Береговой ба Леонов өөр машинд суун маршрутаараа явсан байв. Үүнээс хоёр хоногийн дараа л Ильин Брежнев өөр машинд явсныг мэджээ. Тэрээр маргааш нь тэтгэвэртээ гарах ёстой байсан лимузины жолоочийг хөнөөсөн ба сансрын нисгэгч Леоновыг хөнөөх шахсан байв. Жолоочийг хөнөөснийг нь 37 жилийн дараа Ильинд бололцоо гарч Леоноваас уучлалт гуйхад нь тэр өршөөсөнгүй. Ильин хуулийн дээд хэмжээ авах байсан ч түүнийг мэдрэлийн гажигтай хэмээн мэдрэлийн эмнэлэгт 20 жил байлгажээ. Тэрээр 1990 онд л тэндээс чөлөөлөгдсөн байлаа.
Попкорн Европт төрсөн өдөр
1630 он: Попкорн гэх эрдэнэ шишийн хөөсөнцрийг мэдэхгүй хүн гэж үгүй байх. Попкорн өндөр хэмд дэлбэрдэгийг хэн анх мэдсэн нь тогтоогдоогүй. Балар эртний хүмүүс л гар түймрийн үеэр түүнийг мэдэж авсан байлгүй.
Тааламжтай нөхцөлд эрдэнэ шишийн үр урт удаан хугацаанд хадгалагддаг. Перуд археологчдын хийсэн малтлаг үүнийг гэрчилж байгаа юм. Тэдний нас нь мянгаас илүү жил ч гэсэн тэдний ихэнхийг попкорн хийхэд ашиглаж болохоор. Үрээс гадна уг малтлагаар попкорн хийх сав суулга олдсон байв.
ХVI зууны эхээр Мексикийн хүн ам попкорныг хоол хүнснээс гадна үсний чимэг, зүүлт болгон хэрэглэж байжээ. Европчууд энэ хөөсөн хүнсийг зөвхөн 1630 онд мэдэж авчээ.Тэр жилийн яг энэ өдөр конлончлогчид Кводекуайн омгийн удирдагчаас нэг уут попкорн бэлгэнд авсан байв. Түүнээс хоёр зууны дараа Чарли Критоз гэдэг хүн попкорн бэлтгэх «Поппер» гэх машиныг бүтээжээ.
Сэтгэгдэл (1)