“Миний хийсэн киног ер нь үзэх хэрэггүй дээ” хэмээн үзэгчдэд хандаж хэлэх найруулагчтай анх удаа л уулзлаа. Тэр бол “Сэтгэлийн зам” нэртэй киноны зохиолыг бичиж, найруулсан Төмөрийн Мөнх-Оргил. Тэрээр “Зохиол маань анх жүжиглэлт ихтэй байсан юм. Гэсэн ч жилийн дараа эргээд харсан чинь заавал жүжиглэлт оруулах шаардлагагүйгээр хийж болмоор санагдсан. Нэг жилийн дотор хүн их хөгждөг бололтой. Тэгээд л бодит амьдрал дээрх хүмүүсийг тоглуулж зургаа авсан. Кинонд маань зургаа, долоон хүн л оролцож ажилласан. Ингээд ярихаар их ойлгомжгүй байх л даа. Хүмүүс уран бүтээл хийчихээд ирж үзээрэй гэж уриалдаг бол би эсрэгээрээ хэрэв та хүсэхгүй, эргэлзэж байгаа бол миний киног үзэх хэрэггүй шүү гэмээр байна” хэмээн ярив. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таныг уул уурхайн мэргэжилтэй гэж сонссон. Яагаад кино урлагт орох болсон юм бэ?
-1980-1990 оны үед ах нар маань видео кассетын киног Германаас оруулж ирдэг байсан юм. Тэндээс л эхэлж кино үзэх дуртай болсон хэрэг. Тэгж л дэлхийд алдартай уран бүтээлүүдтэй танилцсан. Цөөн хэдэн киногоо давтаж үзсээр байгаад үйл явдал, үг яриаг нь хүртэл цээжилчихсэн. Үзэгчийн хувьд ингэж хөгжсөн. Дараа нь АНУ-д сурахаар явсан. Тэнд дандаа кино үздэг байлаа. Кино театрт билетээ авч орно, хулгайгаар ч орно. Ингэсээр өдөртөө гурав, дөрвөн кино дараалаад үзчихдэг тийм хоббитой байв. Тэгж байхдаа кино хийж үзэх юмсан гэсэн санаа төрсөн. Ингээд Монголдоо ирээд 2010 онд анх “48 цаг” кино наадам зохион байгуулагдахад нь оролцсон. Авангард чиглэлийн кино хийсэн. Шагнал аваагүй ч хүмүүст хүрсэн болохоор урам орсон. 2011 онд “Юнител”-ээс киноны уралдаан зарлаж миний зохиол шалгарсан. “Боролдой” студийн Мягмар ахтай хамтраад тэр зохиолоороо бас авангард чиглэлийн богино хэмжээний кино хийсэн. Анх “48 цаг” кино наадам дээр зохиолч Төрмөнх ахтай танилцсан. Тэр ирээд “Чиний кино мундаг болжээ. Телевизээр гаргана” гээд ТВ9 телевизээр гаргаж байсан юм. Төрөө ах хожим зохиолч Бүжинлхамыг танилцуулснаар түүнтэй хамтран мөн л богино хэмжээний кино хийсэн. Тэр маань “Алтан хальс” холбооныхонд таалагдсан. Ингээд би нийтдээ зургаан богино хэмжээний кино хийгээд байна.
-“Сэтгэлийн зам” кино тэгвэл таны анхны бүрэн хэмжээний кино байх нь ээ?
-Бүрэн хэмжээний кино гэж арай хэлж болохгүй байх. Өнгөрсөн жил зохиолоо бичсэн. Нэг жилийн дараа эргээд харсан чинь өөртөө шүүмжлэлтэй хандсан. Анхны хувилбар нь жүжиглэлт ихтэй байсан хэрэг. Ингээд зохиолоо өөрчлөхдөө утга санааг нь авч үлдээд бусад бүх зүйлийг нь өөрчлөөд бэлэн болгосон. Энэ сарын 24-нд Улсын их дэлгүүрийн дөрөвдүгээр давхарт нээгдээд буй “I cinema”-д гарана. “Алтан хальс” холбооныхон таны киног гаргая гэж санал тавьсны дагуу дэлгэцнээ ийн нээлтээ хийх болсон юм.
-Жүжиглэлтийг нь хассан гэхээр цөөн хүний оролцоотой бүтээл болжээ дээ?
-Зургаа, долоон хүн л оролцсон. Жүжигчид огт байхгүй, жирийн хүмүүс дүр бүтээсэн. Тухайн хүндээ ямар үйл хөдлөл хийхийг хэлж өгсөн ч, тэр хүний амьдрал дээр бүтээж байгаа дүрийг нь л авчихсан юм. Энэ киногоо ээждээ зориулж хийсэн. Миний ээж 2007 онд хорт хавдраар нас барсан. Тэр цагаас хойш ээжийгээ байнга бодож, амьд сэрүүн байсан бол гэж их бодох болсон. Амьдад нь хангалттай хайрлаж чадаагүй юм байна гээд л байнга боддог болсон. Ээжийн тухай, дуу, шүлэг, уран бүтээлд ч дурласан. Хүний сэтгэлийг татах уран бүтээл хийе гэвэл өөрийн амьдралд ойр зүйл л хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон доо.
-“Сэтгэлийн зам” киноны үйл явдлын тухай ярьж өгөөч. Үйл явдлын хувьд хэр урт хугацааг хамарсан бэ?
-60 минутын кино болсон. Үйл явдлын хугацаа нь хоёр, гурван өдрийнх. Өгүүлэмж нь тухайн хүний бүхий л амьдралыг харуулна. Эхээс төрсөн цагаасаа эхлээд алдаж, оноод амьдарч байгааг, эцэстээ ээж рүүгээ тэмүүлж буй хүний тухай. Гэхдээ үзэгч киног үзэж байхдаа их бодож тунгаах, өөртэйгөө ажиллах тийм л бүтээл. Тухайн хүнийг хэн, хэрхэн амьдарсан гээд огт тайлбар хэлэхгүй. Тэрийг нь үзэгчид өөрсдөө бодож олох юм. Тиймээс амархан ойлгогдохоор биш. Гэхдээ би энэ талаар одоо ярих нь илүүц биз. Ер нь бол хүн миний киног үзээд намайг үзэн ядах байх. Ийм юм хийчихээд кино гээд үзүүлээд байхдаа яах вэ дээ гээд л. Зарим хүн үзээд энэ юу хэлэх гээд байна гэдгийг нухацтай бодох байх. Тэр хүмүүст л зориулсан юм. Тиймээс миний киног үзэхийг хүсэхгүй эсвэл эргэлзэж буй хүмүүс битгий үзээрэй л гэх гээд байгаа юм. Яагаад гэхээр энэ бол хөнгөхөн, авсаархан бүтээл биш.
-Гэхдээ олон сэдэв дундаас хайр сэтгэл, эхийн хайрын тухай сэдэв ойлгоход хамгийн ойр, амархан шүү дээ...
-Амархан. Эхийн хайрын тухай өгүүлсэн юм. Тэгээд нэмж хэлэхэд хүн аливаа зүйлийг хийхийн өмнө хоёр л зүйлийг анхаардаг. Нэгдүгээрт, тухайн зүйлийг хийхэд хууль дүрэмд хэр нийцэх вэ гэдгийг харна. Энэ бол гаднах нөлөө. Нөгөө нь дотроосоо ямар нэг зүйлийг эрж хайдаг. Хүн чанар, хайр. Миний хийх гэж байгаа зүйл бусдад хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг боддог. Монгол хүн энэ чанарыг хаанаас олж авдаг вэ гэхээр гэр бүлээсээ. Эхийн хайр монгол хүн бүрийн сэтгэлд оршдог. Бусад үндэстэнээс өөр нь бидэнд гэр бүлээ хайрлах, ах дүүгээ хайрлах хайр маш их байдаг. Тиймээс яг энэ ороо бусгаа нийгэмд хүмүүсийн эвдэрчихсэн хүн чанарыг хуулиар засч болох ч уран бүтээлчид бид уран бүтээлээрээ дамжуулан засах ёстой.
-Манайд авангард чиглэлийн киноны үзэгчид хэр бэлтгэгдсэн байдаг юм бэ?
-Үзэгчид хангалттай бэлтгэгдсэн. Гарч байгаа холливуд, Энэтхэг, Франц гээд кинонууд айхтар өгүүлэмжтэй болчихсон. Тэр байтугай дээр үеийн монгол кинонуудад ч гэсэн авангард маягийн хэсгүүд бий. “Эргүүлэг”, Жигжидсүрэн найруулагчийн кинонууд байна.
Манайд үзэгчид бэлтгэх бус тэдэнд үзүүлэх тал дээр л асуудал байна. Яг энэ цаг үед ашиг орлогоороо тэргүүлж буй кинонуудыг ажиглахад хэт олон үйл явдалтай бужигнасаар байгаад дуусчихдаг. Тэгвэл тэр их бужигнаанаас залхсан, удаан хэмнэлтэй, амьдралын тухай өгүүлэх кино үзэх гэсэн хүн байж болно. Гэтэл тийм киног үзэх газар байхгүй. Яах аргагүй манай Монголын киночид ч гэсэн кино театрын ашгаа бодоод тэрэндээ тохируулж кино хийгээд байна. Тэглээ гээд тэднийг шүүмжлэх аргагүй. Төрийн дэмжлэггүй, авлигагүй, зөвхөн өөрсдийн хүчээр, бор зүрхээрээ ямар ч байсан нэг уран бүтээл хийгээд л байгаа юм. Тиймээс үзэгчдийн шүүмжлэлийг буруу л гэж боддог.
Би киногоо гаргахаар “Тэнгис” кино театр дээр очиж үзсэн л дээ. Ямар кино гаргах эсэхийг нь шийддэг нэг залуу байна. Миний киног үзээд гаргахгүй гэсэн. Уул уурхайн инженер гэсэн байх аа нэг залуу байсан л даа. “Ахын дүү кино үздэг үү” гэсэн чинь нээх кино үздэггүй гэсэн. Тийм л хүн кино театрын бодлогыг авч яваа гэхээр харамсмаар. Манайд ийм үзэгчид ирдэг, тэдэнд тохирсон ийм кино гаргахад энэ хэмжээний ашиг олно доо гэсэн байдлаар кино театрын бодлого явдаг юм билээ. Түүнээс энэ киног дэмжье. Тэгвэл амжилтад хүрэх байх гэсэн талаас нь огт хардаггүй юм билээ.
-Сүүлийн үед хийгдэж буй кинонууд ашгийн төлөө хийгдэж байгаа ч улаан цайм уран бүтээлчид бас байна. Гадаадын киног монголчлоод хийчихдэг. Эсвэл инээдэм нь ханиадам болсон гэмээр кинонууд ихээр гарч байна. Ингэхээр ашиг олох гэсний хэрээр уран бүтээлч чанар үгүй болоод байна уу гэж хардаг. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ?
-Чиний харсан бол бодит байдал мөн л дөө. Гэхдээ үзэгч хэнийг онилох ёстой вэ гэдгийг зөв тодорхойлох ёстой. Уран бүтээлийг биш найруулагчийг л онилох ёстой гэж би боддог. Кино цэвэр найруулагчийн бүтээл. Эмч, багш, инженер, хуульч, эдийн засагч ч гэдэг юм эдгээрийг сургуулиар, боловсролоор бий болгож болдог бол найруулагч хүн яг л яруу найрагтай ижилхэн амьдралаас төрдөг юм шиг. Би жишээ татъя л даа. Жүжигчид найруулагч хийгээд явааг би таашаадаггүй. Хүн юу ч хийсэн болно л доо. Гэхдээ жүжигчин хүний найруулсан бүтээл мундаг байж чаддаггүй. Америкийн жүжигчин Роберт де Ниро байна. Ганц, хоёр кино найруулсан байдаг. Нэг кино нь кино шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авч чадаагүй байдаг. Клинт Иствуд байна. Маш сайн жүжигчин. Хийсэн кинонуудаас нь харахад хэтэрхий хүчээр хийчихсэн харагддаг. Киноны өгүүлэмж нь дутуу, бид бол америкчууд, бид заавал чадна гэсэн байдлаар хандсан нь харагддаг. “Сая долларын бүсгүй” уран сайхны кинонд нь америкчууд шууд л Оскар өгчихсөн. Гэтэл шилдэг найруулагчдын бүтээлтэй харьцуулахад дутуу зүйл их бий. Найруулагч нь сайн жүжигчин байх тохиолдол ч цөөн. Тохиолдлоор л ийм нөхцөл байдаг. Найруулагч бол найруулагчаараа, жүжигчид жүжигчдээрээ л байвал зүгээр гэж боддог. Манайд нэг Төрийн соёрхолт найруулагч байдаг даа. Тэр хүнийг найруулагч уу, жүжигчин үү гэдгийг би ялгадаггүй юм. Нэг үеийн жүжигчид нь мэргэжилдээ үнэхээр мундаг. Гэтэл тэр хүний найруулсан мундаг кино гэхээр би л лав олж үзсэн зүйл алга. Манайд шилдэг найруулагчид дутагдаад байна уу гэж боддог. Үүнийг бодлогоор бэлтгэх шаардлагатай. Өмнө бол сайн зохиол байж сайн кино хийнэ гэж ярьдаг байсан бол одоо сайн найруулагчид кино хийх сайхан санаа байхад л болно. Найруулагч тэр санаагаа хэрхэн баяжуулж кино хийж байгаа нь чухал болчихсон.
-Манайд сайн шүүмж байхгүй юм шиг санагддаг. Киночид та бүхэн дундаа нэгнийхээ бүтээлийг хэр шүүмжилдэг вэ?
-Манайд шүүмж байхгүй. Киночид хийгдэж байгаагаа монгол кинонуудаа сонгож аваад ярих гэхээр сүртэй ярьчих юм байдаггүй. Бидэнд ярих юмгүй кинонууд байгаа учраас би ярих юмтай кино хийчихээд найруулагч, шүүмжлэгч, киног ахисан түвшинд үздэг хүмүүсийг “Би нүүчихлээ шүү. Одоо та нар нүүгээрэй” гэсэн санааг л хэлэх гэсэн юм. Түүнээс үзэгчид кино шүүмжлэх цаг нь биш. Дээр хэлсэнчлэн татварын мөнгөнөөс нь аваад кино хийчихээгүй л бол 7000 төгрөгтөө харамсаад байгаа ч юм шиг, дэмий кино үзлээ гэх зэргээр муулах хэрэггүй л дээ.
Б.ЦЭДЭВСҮРЭН
Сэтгэгдэл (4)