Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн. Түүний хэлсэн үг үнэн хэдий ч "Энэ үгэндээ хамаарах хүний нэг нь өөрөө шүү дээ" гэж харах нэг хэсэг нийгэмд байгаа бол нөгөө хэсэг нь "Танхимын гишүүдээ авч, томилох асуудлаа Ерөнхий сайд бие дааж шийддэг байх хэрэгтэй. Дээрээс нь УИХ-ын ээлжит бус сонгуулийг зарладаг эрхийг Ерөнхий сайдад өгөх хэрэгтэй" хэмээн хэлж байгаа нь Ерөнхийлөгчийн суудлаас буугаад Ерөнхий сайдын суудалд зүтгэхдээ өөртөө эрх мэдлийг авах замаа засч өнөөдөр ийнхүү хэлж байна, мөн Монгол улсын эв найрамдлын билэг тэмдэг болсон эрхэм Ерөнхийлөгч ард түмнээ, төрийн түшээдийг хагалан бутаргах үг хэллээ хэмээн удаа дараа шүүмжилж буй. Түүний хэлсэн үгнээс 24 онцлох ишлэлийг хүргэж байна.
1. 1990 оны Улсын Бага Хурлын бүрэлдэхүүн асар их ёс зүйтэй бүрэлдэхүүн байжээ. Би хувьдаа “Улсын Бага Хурлын гишүүн болмооргүй байна, саарал ордонд орж суумааргүй байна” хэмээн нөхдөдөө хэлж зугатаж байсан. Тэгэхэд санал хураагаад “Чи орж сууна аа, чи орж ажиллана” хэмээн санал хураагаад шийдэж байсан.
2. 1990 оны үед энэ ордонд ажиллана гэдэг бол эрх ямба юм байна гэж боддог байсан учраас зугатаж байсан юм. Харин орж ирж ажилласны дараа энэ бол эрх, үүрэг хариуцлага, ачаа юм байна гэж ойлгосон.
3. “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэж ярилцдаг. Хариуцлага дээрээсээ л эхлэх ёстой. Хуулийг дарга нар өөрсдөө биелүүлж эхлэх ёстой. Бид нар томилсон хүнээ унагах гэж бодоод байдаг учраас ажил унаад байна. Тийм учраас олон Ерөнхий сайд солигдож, Монголын тогтолцоо итгэлгүй гэж харагдаад байна.
4. Б.Чимид гуай “Бид хөдөө томилолтоор явахдаа илүү зардал гаргасан бол, 8 төгрөг хэтрүүлсэн бол, дараа нь цалингаасаа төлдөг байлаа” гэж ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр ингэж байгаа төрийн албан хаагч байна уу.
5. Бүгдээрээ улсаа бодъё л доо. Энэ нийгэмд өөр, өөрийн амьдралаар, сонголтоор ажиллаж амьдраад явах боломжтой шүү дээ. Заавал энэ улс төрд орчихоод, хариуцлага хүлээхгүй, бүдүүлэг зан авираа гаргаад Монгол Улсыг хохироогоод явж болохгүй.
6. Ирэх сонгуульд та бүхэн юу ч гэж амлаж, ярьж болно. Энэ хариуцлагын тогтолцоог л бий болгохоос нааш бүгд худлаа болно. Үүнийг бид 25 жилийн турш харлаа. Юу ч гэж амласан ард түмэн хүлээж авахгүй болсон. Үүнийг ойлгож, нам эвслийн хурлаараа ярилцах хэрэгтэй шүү дээ.
7. Төрийн алба шиг төрийн албатай болох цаг ирсэн. Бид хариуцлагатай, ёс зүйтэй, өөрийн гэсэн хэм хэмжээтэй, шалгууртай төрийн албатай болох ёстой. Төрийн албыг дураараа самардаг байдалд цэг тавья.
8. Улс төрийн нам бол судалгааны байгууллага байх ёстой. Шилдэг шийдлүүд, шилдэг үзэл санаануудыг цуглуулж байх ёстой. Улс төрийн нам гэдэг нь албан тушаалд дуртай хүмүүсийн цуглуулга биш. Энэ бол манлайлагчид, Монголын шинэ өнгө, төрх болсон, Монголыг авч явах үнэхээр шигшээ баг л энд бүрэлдэж байх ёстой.
9. Өнөөдөр улс төрийн намыг тойроод шигшээ баг бүрэлдэж байна уу, ямар баг бүрэлдэж байна вэ? Өөрсдөө үүнд дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ рүү хөтөлж чадах хариуцлагатай, чадалтай улс төрийн намын системийг Монголд бий болгох хэрэгтэй. Улс төрийн нам ялангуяа эрх барихад оролцож байгаа бол ийм байх ёстой.
10. Малгайн дор орсон нөхөд өнөөдөр хариуцлагаас зугтах гэж гүйдэг болсон. Монгол Улсыг хариуцлагагүй болгож байгаа, ардчилсан сонголтыг утга учиргүй болгож байгаа этгээдүүд энэ дор цуглардаг болсон шүү.
11. Монголд хамгийн үр ашиг муутай ажиллаж байгаа нь гүйцэтгэх засаглал байна.
12. Та бүхэн зарим нь бүр ичээд сууж байгаа. Засгийн газар руу өөр өөрийнхөө хүнийг, төлөөллийг оруулж, тэднээр дамжуулж өөрсдийнхөө бизнесийг, өөрсдийнхөө ашиг сонирхлыг хангах гэсэн хэсэг бүлэг л болчихсон байгаа шүү дээ.
13. Худлаа юм ерөөсөө байхгүй. Үүний ард сууж байдаг, ард нь зэс хошуугаа хатгачихсан, араас нь сороод сууж байдаг, ийм л улсуудын төлөөлөл болж орж ирж байгаа шүү дээ, зарим этгээд. Нэг удаа хийгдэж байгаа бол нэг удаа юм байна даа. Засах байлгүй дээ гэж бодно. Хоёр удаа хийгдэж байгаа бол алдаагаа давтлаа гэж хардаг. Гурван удаа бол энэ биш боллоо шүү гэдэг. Дөрвөн удаа, таван удаа давтагдлаа, одоо больё. Одоо арай хэтэрлээ.
14. Өвстэй хашаанд хургануудаа хөөж оруулаад таргалахаар нь нядалж иддэг шиг, иймэрхүү хувиа бодсон байдлаар хандаж болохгүй. Одоо зогсоё. Үүнээс цааш яаж явах юм бэ. Нэгэнт ийм улсуудаас бүрдсэн Засгийн газар яаж бүтээлч байх юм.
15. “Надад өгдөг татвар хаана байна” гээд зарим албан тушаалтнууд дороо байгаа албан тушаалтнуудаас мөнгө нэхдэг болж байгаа гэж яригдаж байна. “Чи тэдэн саяыг аваад ир. Тэр тендэр, тэр уралдаан, тэр мөнгө хаана байна” гэж ярьдаг. Одоо энд байгаа сайдууд “би ардаа ийм амлалт өгч байж сайд болсон. Би амлалт өгөлгүйгээр, арай бага амлалт өгч сайд болсон шүү” гэж хоорондоо ярьдаг болсон шүү. Ийм утгагүй байдалд Монголын төрийг оруулж болохгүй.
16. Тэр өөрсдийнхөө хүнийг түлхэж байгаа фракц гэж нэрлэгддэг, хувийн үзэл бодолдоо баригдсан хүмүүс өөрсдийгөө нэг тавиад хар даа. Ийм байдлаар, ийм ширэнгийн ойн хуулиар ажиллаж болохгүй.
17. Би орохгүй, миний хувийн сонирхол явахгүй бол чинийх явахгүй гэж, үүний төлөө л байлдаж байна шүү дээ. Үүний төлөө л та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж, ард түмний тархи толгойг самууруулж байна. Үүнээс болж ард түмэн улс төрөөс залхаж байна.
18. Хүн бүхэн мэднэ. Монголын ажлыг ямар хүмүүс зогсоож байна. Яаж зогсоож байна. Ямар аргаар, ямар дэвийн аргаар зогсоож байна гэдгийг. Одоо энэ дэвийн, адын аргаасаа салъя, энэ ёрын муухай юмнаас больё л доо.
19. Ерөнхий сайд өөрийн Засгийн газрын танхимдаа ажиллах гишүүд, сайдуудаа өөрөө томилдог болох хэрэгтэй. Парламетыг томилгооноос салгах хэрэгтэй. Бүх парламентын засаглалтай улсад манай орон шиг сайдуудаа ингээд нэг, нэгээр нь, фракц фракциас, нам намаас томилоод сууж байдаггүй.
20. Албан тушаалаар дамжуулж амьдралаа өөд татдаг, тэгэх гэсэн бодол өвөрлөөд сууж байгаа хүмүүс үнэхээр санаа зовох хэрэгтэй. Тэр чинь үр хойчид, цаашаа Монголын ард түмэнд гай болно шүү дээ. Нүгэл болно.
21. Төр гэдэг бол хэцүү асуудлыг шийддэг, хэцүү ажлыг үүрч явдаг, буян хийж, нүглийг арилгахын төлөө, нүгэлтэй тэмцэж явдаг байгууллага шүү. Түүнээс биш мөнгөний хойноос, суудлын төлөө үхэлдэн хаталдан ингэж нүгэл үйлддэг байж таарахгүй. Ичих нүүрээ алдаж байгаа шүү.
22. УИХ-д сууж байгаа, өмнө нь их зарчмын юм ярьдаг байсан гишүүн Засгийн газрын гишүүний суудлын үнэр сонсоод л бүх зарчмаа хаяж байгаа шүү дээ. Ямар адгийн юм бэ. Тэнд хэдэн сар, нэг, хоёр жил ажиллахын тулд ингэж зарчмаасаа, үнэт зүйлээсээ ухарч урвана гэдэг муухай шүү дээ.
23. Танхимын гишүүдээ авч, томилох асуудлаа Ерөнхий сайд бие дааж шийддэг байх хэрэгтэй. Дээрээс нь УИХ-ын ээлжит бус сонгуулийг зарладаг эрхийг Ерөнхий сайдад өгөх хэрэгтэй. Ингээд үзье. Их олон юм бужигнуулахаа больё. Үүн дээр нэгдэе л дээ.
24. 1990 оноос хойш бид нар 14 Ерөнхий сайд солилоо. ХБНГУ-д 3 канцлер сольжээ гэж. ХБНГУ, юм үзсэн, сургамж авсан орнуудын хууль яг ийм байдаг. Дараагийн канцлерыг парламент нь томилох юм бол өмнөх канцлерын бүрэн эрх дуусдаг. Тиймээс тэнд оръё гэсэн адын шуналтай улсууд тэгж зууралдаад байдаггүй юм байна. Жинхэнэ тэр орныг авч явах манлайлагч, гүйцэтгэх засаглалыг авч явах манлайлагчид тодорсон үед өмнөх хүний бүрэн эрх дуусдаг юм байна шүү дээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (27)