Хүн төрөлхтний түүхэнд олон тэмдэглэлт баяр байдаг ч баяр, гуниг хосолсон баяр бол дэлхийн дайны буюу ялалтын баяр байдаг.
Дэлхийн I, II дугаар дайны уршгаар олон сая хүн амь насаа алдаж, өнчирч хагацсан ч энх тайвны эхлэл болсон хэмээн үздэг билээ.
Тэгвэл дэлхийн II дугаар дайны тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. Герман тэргүүтэй фашистууд 1939 оны есдүгээр сарын 1-нд Польш улсад халдан довтолсноор дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн гэж үздэг.
2. Энэхүү дайн нь дэлхий нийтийг хамарсан дайн байсан учир яг нэгэн зэрэг дайныг зогсоогоогүй. Иймд дайн дууссан хугацааг газар бүрт өөр өөр бичиж үлдээжээ.
3. 1945 оны наймдугаар сарын 14-нд Номхон далайд Японы армид сүйрлийн цохилт өгснөөр Японтой байлдах дайн дууссан, 1945 оны тавдугаар сарын 8-нд Германы тал болзолгүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Германтай байлдах дайн зогссон гэж үздэг аж.
4. Ямартай ч өнөөдрийг хүртэл тавдугаар сарын 9-нд ялалтын баярыг тэмдэглэсээр ирсэн. Харин есдүгээр сарын 2-нд дэлхий нийтээр дайн дууссан гэж бүгд энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
5. Дэлхийн дайнд ЗХУ, АНУ, Герман, Япон голлох үүрэг гүйцэтгэсэн.
6. Японы арми 1941 оны арванхоёрдугаар сарын 7-ны ням гарагийн өглөө АНУ-ын Тэнгисийн цэргийн боомт “Пёрл Харбор”-т агаараас цохилт өгснөөр далайн чанд дахь дайн эхэлж байжээ.
7. 6 жил үргэлжилсэн энэ аймшигт дайнд дэлхийн 5 тивийн 61 орон оролцсон байна. Энэ нь манай гарагийн хүн амын 80% гэсэн үг юм. Эдгээр орны хүн амын тоо тухайн үед 1,7 тэрбум байв.
8. Дайны үеэр 110 сая эрсийг цэрэгт дайчилсан байна.
9. Дэлхийн II дайнд 60 сая хүн амь үрэгдсэний 20 сая нь цэрэг эрс, харин 40 сая нь энгийн иргэд байсан юм. Мөн 90 сая хүн шархдаж, 28 сая нь тахир дутуу болжээ. Энэ бол энх амгалан амьдралын үнэ цэнэ. Харьцуулахад, XVII зууны үед дайн дажинд 3 сая, XVIII зуунд 5,2 сая, XIX зуунд 5,5 сая хүн амиа алдсан билээ.
10. Дайны үеэр олон алдартай эмэгтэй мэргэн бууч төрөн гарсан аж. Харин АНУ болон Канадад хамгийн алдартай зөвлөлтийн иргэн бол ЗХУ-ын Баатар, мэргэн буудагч Людмила Михайловна Павличенко байжээ. Тэрээр 1942 оны зургаадугаар сард хүнд шархдах хүртлээ Германы 309 офицер, цэргийг устгасны дотор 36 мэргэн буудагчид багтаж байв.
11. Дэлхийн хоёрдугаар дайнд зөвлөлтийн цэргүүд 60 мянга гаруй ноходыг сурган төрөл бүрийн зорилгоор ашиглаж байжээ. Амандаа тэсрэх бодис зуугаад дайсны танкны гинжинд аваачиж тавьдаг тусгай сургуультай ноход ч байсан аж.
12. Тэдгээр нохойнууд Германы 300 гаруй танк, хуягт тээвэрлэгчийг устгасан түүхтэй. Мөн холбооны албанд алба хааж байсан ноход ойролцоогоор 200 мянга гауй төрөл бүрийн байлдааны мэдээ, бичиг баримтуудыг дарга, штабуудын хооронд байлдааны хүнд нөхцөлд зөөжээ.
13. Эдгээр ноход нь 303 хот дахь дайсны минжүүлсэн барилга, байгууламж, 15.153 кв/км минийн талбайг аюулгүй болгоход оролцож, ойролцоогоор 4 сая мина, тэсэрч дэлбэрэх зүйлсийг олж ирүүлэн өөрсдийн хувь нэмрээ оруулсан байна. Улаан армийн сапёрчин дайчид минжүүлсэн объектыг аюулгүй болгох ажилдаа тусгай сургагдсан олон нохойг ашиглаж байв.
14. И.В.Сталин өөрийнхөө кителийг тайлж өгөөд “Үүнд дээр нохойгоо хэвтүүлж авчраад, ялалтын парадад оролцуул” гэсэн тушаал өгчээ. Дараа нь И.В.Сталины өгсөн уг кителийг зөвлөлтийн армийн нохойн сургуулийн төв байран дахь хүндэтгэлийн үзмэрт байруулжээ.
15. Улаан армийн 1941 оны дөрөвдүгээр сарын 16-наас тавдугаар сарын 8-ныг дуустал явуулсан “Берлин хотын эзлэх ажиллагаа” нь оролцсон хүн хүч, зэвсэг техник, хэмжээ далайцаар Гиннессийн номд орохоор дэлхийн түүхэнд үлдэх хамгийн том тулааны ажиллагаа болж өнгөрчээ.
16. Энэ тулалдаанд хоёр талаас нийтдээ 3.5 сая цэрэг, 52 мянган их буу, миномёт, 7750 нэгж танк, 11 мянган нисэх онгоц оролцжээ.
17. Аугаа Эх орны дайны үеэр В.И.Лениний шарилыг дайсны гарт оруулахаас болгоомжлох үүднээс Москва хотоос зүүн зүгт 2111 км зайд орших Тюмень хот руу нууцаар шилжүүлэн байрлуулсан байв.
18. 1941 оны сүүлээр ЗХУ-д германы эсрэг тулалдах зорилгоор Польшийн сайн дурын армийг эмхлэн байгуулж, Андерсийн арми гэж нэрлэж байв. Энэ армийн зарим анги нэгтгэл Английн цэргийн бүрэлдэхүүнд багтаж Иранд байлдаж байх үед “Войтек” нэртэй нэгэн баавгайн бамбарууш тэжээх болжээ. Цэргүүдийн дунд өссөн бамбарууш яг хүн шиг хооллож ундалдаг, бүр пиво хүртэл уудаг байсан гэнэ. Харин сүүлд Польшийн энэхүү артиллерийн ангийн сүлд нь баавгайн дүрстэй болжээ.
19. Эх орны дайны үеэр Улаан армид 80 мянган гаруй эмэгтэй офицерууд алба хааж эрчүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан юм.
20. ЗХУ-ын “Улсыг батлан хамгаалах хороо”-ны нууц илтгэлд дурьдсанаар Улаан армийн дайчид дайны бүхий л хугацааны туршид адил хэмжээтэй архи, спирт ууж хэрэглэж байсан гэнэ.
21. Зөвлөлтийн цэргүүд зөвхөн 1942 оны арванхоёрдугаар сард буюу ганцхан сард 5 сая 691 мянган литр архи ууж байсан бол 1943 оны арванхоёрдугаар сард 5 сая 665 мянган литр архи уусан байна. Энэ бол ойролцоогоор 60 тонн жинтэй 1000 ширхэг вагон ачаа болно гэсэн үг билээ.
22. 1945 оны 8-р сарын 15-нд Японы эзэн хаан Хирохито радиогоор үг хэлж, үг дуугүй бууж өгч байгаагаа мэдэгдсэн байна. Үнэндээ энэ бичлэгийг 8-р сарын 14-нд бичсэн байна. Америкийн атомын 2 удаагийн бөмбөгдөлтийн уршиг дагавар, ЗХУ-ын (Орос) давшилтыг тооцон үзсэний эцэст Токио цаашид дайныг үргэлжлүүлэх нь утгагүй гэж үзжээ.
23. Япон улс үг дуугүй бууж өгсөн гэрээнд гарын үсэг зурах ёслол 1945 оны 9-р сарын 2-нд Америкийн Тэнгисийн цэргийн хүчний "Миссури" хөлөг дээр болжээ. Ийнхүү Дэлхийн II дайн дууссан юм.
24. Манай улс (БНМАУ) 1945 оны 8 сарын 10-нд албан ёсоор Японд дайн зарлаж, Зөвлөлтийн (Орос) цэргүүдтэй мөр зэрэгцэн Хятадыг чөлөөлөх үйл ажиллагаанд оролцсон билээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)