УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Өршөөлийн хууль болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ. Түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг 24 баримт онцолж байна.
1. Өршөөлийн хууль гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шатнаас чөлөөлөх асуудлыг шийдэж байгаа.
2. Нэг удаа гэм буруу үйлдэл хийсэн хүмүүст дахиад нэг удаа боломж олгоё. Та сайхан амьдраад, үр хүүхэд, хань ижилтэйгээ хамт амьдралыг ахиад нэг удаа сайн сайхнаар эхлүүлээч гэсэн ийм л хууль. Боломж олгоё гэдэг нь өөрөө ардчиллын том үзэл санаа.
3. Авлигын нэг үндсийг тасалж хаяж байгаа гэж бодож байгаа.
4. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөлийн хууль хоёр нийлээд чухал зүйлийг бий болголоо. Тэр нь боломж.
5. Магадгүй Татварын хуулийн, төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагааны янз янзын бэрхшээлээс болоод өөрийнхөө хөрөнгийг ил тод болгож болдоггүй байдал зөндөө байдаг гэдэг. Нэг нуучихсан хөрөнгөө ил болгож болдоггүй, нуусан юмных нь үр дүнд бий болсон зүйлээ дахиад нуудаг байдал яваад байдаг. Түүнийг хуулийн байгууллагынхан мэдчихээд дарамталж, шантаажилдаг.
6. Гишүүдэд ямар ч дарамт, шантааж үзүүлэх боломжгүй боллоо. Би энэ үгээрээ гишүүдийгээ гэм буруутай, гэм буруугаа нуусан гэж хэлээгүй юм шүү. Энгийн нэг бизнес эрхэлж байгаа хүн тэр дарамтаас чөлөөлөгдлөө.
7. Авлига авсан хэргээр ял авсан хүн гарын таван хуруунд л багтана. Хэн бэ гэхээр заримдаа өрөвдмөөр л байдаг ш дээ, нуугаад яахав. Тодорхой хэлье л дээ, хамт гишүүн байсан Д.Дондог байна. Нэг хүнд ажлыг нь бүтээж өгье гээд чадаагүй учраас нөгөөдөх нь өөрийг нь шүүхэд өгчихсөн.
8. Авлига өгсөн, авсан, зуучилсныг илрүүлэх үүрэгтэй газрууд нь яагаад илрүүлэхгүй зогсож байсан юм, яагаад дараад байсан юм бэ л гэж асууя. Юунд ашиглах гэж байсан юм бэ.
9. Нэгийг нь мэдээд шууд хэрэгтэн болгодог, нэгийг нь мэдсэн хэрнээ хэрэгтэн болгодоггүй сааж байдаг. Энийг больё. Одоо нэг системд оруулъя. Ингэж алагчилж байгаа нь төрийн буруу байхгүй юу. Одоо яадаг гэхээр муу л бол баруун хойд овоохой гэдэг шиг УИХ руу заадаг. Тэгвэл УИХ энэ бүхнийг чинь дуусгалаа.
10. Эрүүгийн хууль, шинэ Зөрчлийн хууль гаргана. Үүнтэйгээ холбогдуулаад хууль хяналтын, мөрдөн байцаалтын, шүүн таслах асуудлыг 25 жилийн дараа цоо шинэ шатанд нь гаргая л гэж байгаа юм
11. АТГ-ын хийчихсэн юм хаана байгаа юм. Шалгаад тогтоосон нь хаана байгаа юм. Тогтоох гэж хэдэн сар жил болдог нь ямар учиртай юм бэ.
12. Г.Дэнзэн, Л.Гансүх хоёр гэм буруугүй, гэм буруугүй учраас энэ өршөөлд хамрагдахгүй. Гэм буруугүй гэдгээ нотлох хүртлээ шүүхээрээ л явна. Өөрсдөө ч тийм мэдэгдэл гаргасан байна лээ.
13. Яахаараа нэг хүнд Ерөнхийлөгч нь уучлал үзүүллээ, дахиад л энийг нь үргэлжлүүлээд яваад байдаг юм, мэдэхгүй. Яах гэж ганцхан хүн рүү онилоод энэ болгоныг хийгээд байгаа юм гэж хүмүүс ч бодож байна ш дээ. Энэ бол бүх юманд адилхан үйлчлэх ёстой хууль.
14. АТГ-т хандаж хэлэхэд тэдний хийх ёстой хамгийн том ажил бол соён гэгээрүүлэх. Одоо тэд баярлах ёстой. “Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулиуд гарлаа иргэд ээ, албан тушаалтнууд аа. Одоо бид шинэ үе рүү орлоо. Авлига гэдэг ийм, ийм юм байдаг юм” гээд соён гэгээрүүлэх хэрэгтэй.
15. АТГ гэдэг тодорхой эрх мэдэлтнүүдийн гартаа барьдаг буу зэвсэг биш, төрийн хуулийг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах чиг үүрэг бүхий байгууллага.
16. Энэ хэрэг хийсэн хүн өмнө нь ямар түүхтэй байх нь хамаагүй. Ерөөсөө л хүн сая хийсэн хэрэгтээ л ял зэмийн тухай асуудал яригдах ёстой. Түүнээс энэ хүн тийм хүн байсан юм, ийм хүн байсан юм гэдгийг больё. Хоёрт, хүн ялаа эдлээд дууссан л бол энэ хүн ялтай байсан, ял эдэлж байсан гэдэг хар дансанд оруулахыг больё. Өөрөөр хэлбэл, шинэ Эрүүгийн хуулиар ялгүйд тооцох хугацаа гэж барьдгийг байхгүй болгоё гэж байгаа. Тийм учраас Өршөөлийн хуулиар ч ялгүйд тооцох хугацаа гэдгийг өршөөн хэлтрүүлсэн. Гэхдээ бусдад хохирол учруулсан байвал тэр хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй.
17. Өнөөдөр бүх авлигачийг өршөөчихлөө гээд байгаа. Хэрэв үнэхээр бүх авлигач гэдгийг нь мэдсэн юм бол, ялангуяа ингэж хэлж байгаа төрийн албан тушаалтанд өөрт нь хариуцлага тооцох учиртай. Авлигач гэдгийг нь мэдсэн хэрнээ тэрийг нь тогтоох ажил руу яагаад оруулаагүй юм бэ гэж асууя.
18. 25 жилийн өмнө Улсын бага хурлаас эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулж гаргасан нэлээд олон хууль тэр үеийн Үндсэн хуультай зөрчилддөг юм. Эдийн засгийн асуудлыг зохицуулаагүй байсан. Үндсэн хууль яаж байна гэхээс илүү ирээдүйд гарах шинэ Үндсэн хуульдаа тулгуурласан. Тэгээд л 1992 оны Үндсэн хуулийг баталсан шүү дээ. Тэрэнтэйгээ тэр баталсан хуулиуд нь яв цав нийцсэн. Өнөөдрийн хууль ч бас л ийм.
19. Хүнийг шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцож болохгүй гэсэн ардчилсан Үндсэн хуулийн үндсэн зарчим байхад тэрийг нь тогтоогоогүй хэрнээ нийтээр нь авлигач гэж хаягладаг бол амнаас унах үг биш шүү. /Ерөнхийлөгчийн прокурорын баяр дээр хэлсэн үгний талаар/
20. Ц.Нямдорж гишүүн хэлсэн байна лээ. Хуулиар хийсэн төрийн эргэлт боллоо гэж. Би үүнийг эерэг талаас нь харж байгаа юм.
21. УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хэнээс ч хараат бусаар, хэний ч дарамтгүйгээр өнөөдөр жинхэнэ хууль тогтоох дээд байгууллагын гишүүний үүргийг чөлөөтэй эдлэх боломж руу орж ирж байна.
22. МАН оролцох үүрэгтэй бол оролцох үүргээ биелүүлээд юмаа хийж байх ёстой. Гэтэл оролцоогүй ш дээ. Цөөн хэдэн гишүүн л оролцсон. Ер нь бол юмнаас хоцорч үлддэг хүүхдүүд байдаг даа. Хүүхдүүд хоорондоо зодолдоход хоцорч үлдчихээд тэд нарыгаа баалах нь хамгийн муухай. Сүүлд хэчнээн зодолдсон ч байлаа нөгөө хоёр нь “Бид хэдийг зодолдоход ард үлдчихээд…” гээд найзынхаа жагсаалтаас хасдаг л биз дээ.
23. Үнэхээр ч УИХ-ын эрх мэдэл өөр газрууд руу шилжчихсэн байсан. УИХ үүнийгээ буцааж өөртөө авлаа. Гэхдээ би АТГ-ыг бүхэлд нь баалахгүй ээ, бүхэлд нь буруутгахгүй.
24. Хориг тавих юм бол тэр тавьсан хоригтой холбоотой хэсгийг л дахин ярина шүү дээ. УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээш нь дэмжих юм бол хоригийг хүлээж авдаг. Би хувьдаа УИХ-ын гишүүд олон удаа ярьсан энэ хуулиа өөр янз янзын хүчин зүйлээс болж өөрчлөхгүй байх гэж найдаж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (109)