Өсгийтэй гутал өмсөх тусам остеартрит буюу өвдөгний үе мөчний өвчин тусах магадлал өндөрсдөг гэдэг нь тогтоогджээ. Өсгийтэй гутал эрүүл мэндэд муу гэдгийг ч олон удаа сонсож байсан л даа. Хамгийн гол нь: Ясаа гэмтэхээс хамгаалахын тулд дээд тал нь хэдэн цаг өсгийтэй гутал өмсөж болох вэ?
Өсгийтэй гутал нь бидний хөлийг төрөлхөөс заяагдсанаас нь өөр байрлалд оруулдаг учир хөлний ул, шилбэ, өвдгөнд аажим аажмаар сөрөг нөлөө үзүүлдэг аж. Хөлний өлмийд ирэх ачааллын улмаас долоовор хурууны үе атирч тогтох, яс ургах, эвэрших, цуурах зэрэг эрсдлээс гадна үүн дээр нэмэгдээд өвдөгний үе мөчний өвчин тусах магадлал ихэсдэг нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдоод байна. Аймаар сонсогдож байгаа байх л даа. Гэхдээ хэзээ нэг цагт үүсч мэдэх дээрх эрсдлүүдээс хамгаалахын тулд өндөр өсгийт өмсөх хугацаандаа хяналттай хандахад л хангалттай. Өндөр өсгийт өмсөж болох хугацаа нь өсгийний хэмжээнээс шалтгаална:
Намхан өсгий (4 см ба түүнээс доош): Дэлгүүр хэсэх, босоо үдэшлэгт оролцох зэрэг удаан хугацаанд зогсоогоороо байрлалд байх үйл ажиллагаанд ийм өндөр өсгийтийг сонгоорой. Гэхдээ өдөрт 4 цагаас дээш хугацаанд өмсөх хэрэггүй.
Дундаж өсгий (4-8 см): Шоу, хурим, болзоо зэрэг онцгой үйл ажиллагаанд л ийм өндөртэй гутал өмсөөрэй. 3 цаг орчим хугацааг өнгөрүүлэхэд буруудах зүйлгүй ч, түүнээс хэтрүүлэхгүй байхыг хичээсэн нь дээр.
Өндөр өсгий (8 см-аас дээш): 8-ааш дээш см-ийн өндөртэй гутлыг байнга өмсөхөөс ерөнхийдөө татгалзах хэрэгтэй. Шаардлага тулгарвал 1 цагаас илүү өмсөөд дэмий. Урдуураа битүү, индүүн ултай бол дээрх хугацааг арай уртасгаж болно.
Хэрвээ 4-өөс илүү олон цагийг өндөр өсгийт дээр өнгөрүүлэх шаардлагатай бол дундуур нь 1 цагийн завсарлагаа авч, хөлөө амрааж байгаад үргэлжлүүлж болно. Мөн өндөр өсгийт өмсдөг ч ихэвчлэн суугаа байрлалд байдаг бол дээрх хугацааг уртасгах боломжтой шүү.
Мэдээж бид үүнийг уншлаа гээд хайртай өсгийтүүдээ хаяж чадахгүй. Тиймээс өсгийтэй гутал өмссөнийхөө дараа хөлнийхөө улны доор жижиг резинэн юм уу гольфийн бөмбөг өнхрүүлж хөлнийхөө чилээг гаргахын хажуугаар улны булчинг хөгжүүлээрэй.