Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг нийслэлийн Буддын шашны сүм хийдүүдээс ирэх сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Ардын хувьсгалаас хойшхи анхны Даншиг наадмын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. “Хүй долоон худаг”-т Соёмбот туг залах ёслол, Мандал өргөх ёслол, Очирваанийн шүтээний тахилга, Өндөр гэгээний дүрийг залах ёслол боллоо.
2. Мөн Цам харайх, Маани татах ёслол, Лам нарын тэмцээн, Урлагийн тоглолт, Аялал жуулчлалын үзэсгэлэн болж өндөрлөлөө.
3. Үндэсний их баяр наадмын адил Хүчит бөхийн барилдаан, Хурдан морины уралдаан, Үндэсний сурын харваа болсон.
4. Бөхийн барилдааны сугалаа дүйцээс эхлээд лам нарын дундах унзад хоолойн болон балин тосон урлалын тэмцээн уралдаан, эгэл иргэдийн дэмбээ, хуруу наадгай гээд олон жил нэгэн хэмээр тэмдэглэж заншсан Үндэсний их баяр наадмаас нэг л өөр боллоо хэмээн олон нийт дүгнэж байна.
5. “Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадам нь Чингисийн талбайд 06:00 цагт 600 гаруй лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олонд зориулж ном хурах ёслолоор эхэлсэн.
6. Даншиг наадамд 256 хүчит бөх барилдсанаас Архангай аймгийн Булган сумын харьяат улсын Начин Р.Пүрэвдагва түрүүлж, Даншгийн Арслан цол хүртлээ.
7. Харин Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын Гарьд Б.Гончигдорж үзүүрлэв.
8. Хурдан морины Азарга насны уралдаанд түрүү байранд Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Х.Баярбатын Хээр зүсмийн азарга хурдаллаа.
9. Их насны морьдын уралдаанд нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Н.Мөнхбаясгалангийн Зээрд халзан зүсмийн хурдан хүлэг түрүү байр эзэлсэн.
10. Соёолон насны уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Ө.Жамаагийн Хул зүсмийн соёолон түрүүлэв.
11. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д.Арвингийн жижиг зээр жороо морьдын уралдаанд түрүү байр эзэллээ.
12. Үндэсний сурын харвааны төрөлд нийт 369 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс сур харваан эрэгтэй төрөлд улсын мэргэн Б.Батбаатар, эмэгтэй харваачдын төрөлд Спортын мастер И.Цэцэгмаа нар тэргүүлэв.
13. “Даншиг наадам-Хүрээ цам-2015” шашин, соёлын наадамд түрүүлж, үзүүрлэсэн хүчит бөх, хурд шандсаа сорьж, айргийн тавд хурдалсан морьдын бай шагнал, цэц мэргэнээ уралдуулсан сур харваачдад шагнал нь Улсын их баяр наадмынхтай дүйцэхүйц байв.
14. Ардын хувьсгалаас хойшхи анхны Даншиг наадам зохион байгуулалт сайтай байлаа хэмээн яригдаж байна. Хүй долоо хутагт олон зуун хүнээс бүрэлдсэн зохион байгуулалтын баг ажилласан бөгөөд гарсан хогийг ч тэр дор нь цэвэрлэж байна хэмээн ам сайтай хүмүүс олон байв.
15. Даншгийн өдрүүдэд 2000 цагдаа онц байдалд ажиллан олон нийтийн аюулгүй байдлыг сахиулжээ.
16. Ардын Хувьсгал ялсанаас хойшхи анхны Даншиг наадам тул бөхчүүдийн улс, аймгийн цол огт хамааралгүйгээр бүгд тэгш байдалтайгаар сугалаагаар нэгийн даваанаас эхлэн таарч барилдсан.
17. Харин дараа жилийн даншигт бөхчүүд энэ жил хүртсэн даншгийн цолоороо ам авч барилдах юм.
18. Даншиг наадмын анхны өдрийн барилдааны хамгийн сайхан даваагаар улсын харцага Пүрэвсайханы давааг нэрлэж байна. Өст хүн өлийн даваан дээр гэгчээр дөрвийн даваан дээр Увс аймгийн 90 жилийн ойн барилдаан дээр зодолдох шахсан хоёр сугалаагаар таарсан. Монгол бөхийн жудаг мөхлөө гэдэг асуудлыг сөхөх байдалд хүргэсэн хоёр бөх энэ удаад эв найрамдалтай хүч үзэхэд Пүрэвсайхан Батсуурийг амархан давж олон нийтийг баясгасан юм.
19. Хүчит бөхийн барилдаанд даваа бүрт давсан бөхөд мөнгөн шагнал олгосон байна.
20. Даншиг наадам анхны жилдээ "мисс"-тэй болжээ. Жороо морины уралдаанд олны анхаарлыг эрхгүй татсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Мижиддоржийн Баярмаа наадамчин олныг анхаарлыг ихэд татсан. Тэрбээр жороо морины уралдаанд тавдугаар байр эзэлсэн байна.
21. Даншиг наадамд 480-560 сая төгрөгийн төсөв батласныг зохион байгуулагчид өмнө нь мэдээлж байсан.
22. Даншиг наадмыг 1639 онд анхдугаар Богдыг хүндэтгэн ёслох үйл ажиллагаатай холбогдож анх хийсэн байна.
23. 1670-иад оны үед Монголд хамгийн том даншиг болж байжээ.
24. 1912 оноос хойш Монгол Улс даншиг наадам зохион байгуулаагүй бөгөөд энэ жил дахин сэргээн тэмдэглэлээ.
Сэтгэгдэл (9)