Цахим ертөнцийн хөгжил хэдийн газар авч “Facebook”-гүй хүн ч үгүй болжээ. Цаг хугацаатай хөл нийлүүлэн алхах цахим сүлжээний давуу тал олон.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр мэдээлэл харилцаа өндөр хөгжсөн өнөө үед цахим сүлжээн дэхь хувь хүний нууц руу халдах явдал гарсаар байгаа юм.
Хамгийн сүүлд л гэхэд фейсбүүкийн хэрэглэгчдийн хувийн мэдээлэл рүү халдсан тохиолдол гарсан байна. Тодруулбал АНУ-ын Манхэттэн дүүргийн шүүхээс 381 фейсбүүк хэрэглэгчдийн аккаунт руу нэвтэрч хувийн мэдээллийг сөхөх эрхийг хууль сахиулах албаныханд олгожээ.
Харин хуулийнханы хараанд өртсөн 381 Фейсбүүк хэрэглэгчийн /сэжигтний/ 62 нь гэм буруутай болох нь нотлогдсон байна. Харин гэмгүй 300-аад хүний хувийн мэдээлэл хууль сахиулах байгууллагад хадгалагдан үлджээ.
Тиймээс фейсбүүк компани Манхэттэн дүүргийн прокурорын албанд хандан давж заалдсан ч, шүүхийн шийдвэр өөрчлөгдөөгүй төдийгүй хууль сахиулах албаныхан фейсбүүк компанийг бүх хэрэглэгчдийнхээ мэдээллийг (зураг, хувийн зурвас болон бусад түүхийг) хэрэглэгчдэд өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр өгөхийг шаардсаар байгаа аж.
Түүнчлэн шүүхийн шийдвэрт сошиал ертөнцийг тэргүүлэгч компани (Facebook) хэрэглэгчдийнхээ цахим мэдээллийг хууль сахиулах байгууллагад шаардлагатай үед дэлгэх тухай ч тусгасан байна.
Харин Манхэттэн дүүргийн шүүхээс гаргасан энэхүү шийвэрийг Фейсбүүк компанийн удирдлагууд эрс эсэргүүцэж байгаа аж.
Энэ талаар Фейсбүүк компаний хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч Жэй Нанкарров “Фейсбүүк хэрэглэгчид өөрсдийн нууцлаг мэдээллээ Засгийн газраас хүртэл хамгаалах эрхтэй. Гэтэл Засгийн газар онлайн ертөнцийг ашиглан хүмүүсийн хувийн орон зайд халдаж, мэдээлэл авах нь зүй бус хэрэг" хэмээн мэдээлжээ.
Түүнчлэн энэхүү үйлдэлтэй холбоотойгоор Нью-Иоркийн Иргэдийн Эрх Чөлөөг Хамгаалах Эвслийн хуульч Марико Хиросе “Одоогийн үүсээд байгаа хэрэг нь ирээдүйд цахим мэдээллийг нууц чанд байлгаж чадах эсэх талаарх сэдвийг хөндсөн ноцтой асуудал юм" гэжээ.
Иргэдийн хувийн мэдээлэл халдашгүй байх ёстой бөгөөд тус компанийн зүгээс хуулийн этгээдийн нууцад хадгалах эрхийг үл харгалзан, хэрэглэгчдийн хувийн орон зайд халдаж байгаад дургүйцэж, дахин хуулийн байгуулагад хандахаа ч мэдэгдсэн байна.
Тэдний энэхүү эсэргүүцэлд Google, Pinterest, Microsoft, Twitter, болон Yelp зэрэг сошиал сүлжээний үйлчилгээ үзүүлэгч томоохон компаниуд нэгдэж, тэднийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл (1)