Дөрвөн жил гаруй үргэлжилж, 130 гаруй мянган хүний амь насыг хохироосон Сирийн иргэний дайны галыг зогсоох нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Дайны гол буруутан гэж нэрлэгддэг Сирийн удирдагч Башар Ассадын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Сирийн ерөнхийлөгч Башар Ассад 1965 оны есдүгээр сарын 11-нд Дамаскт мэндэлсэн.
2. 30 жилийн турш Сирийг удирдсан эцэг Хазеф Ал-Ассадыг нас барсаны дараа ерөнхийлөгчөөр сонгогдон, ажиллаж байна.
3. Түүний эцэг нь ядуу гэр бүлд төрж өссөн бөгөөд 1970 оны Сирийн хувьсгалын үеэр намд байр сууриа бэхжүүлж, хожим нь ерөнхийлөгч болох эхлэлээ тавьсан билээ.
4. Өдгөө гурван жил үргэлжилсэн Сирийн иргэний дайны гол буруутан гэж Барууны орнуудын үзэж буй энэ хүн ерөнхийлөгч болох хүртэл эцгийнхээ улс төр, цэргийн ажиллагаанаас ангид байжээ. Тэрээр 1988 онд Дамаскын их сургуулийг анагаах ухааны чиглэлээр төгсөж, армийн эмчээр ажиллаж байв.
5. Хоёр ах Бассел, Махер болон эгч Бушра нараас илүү Башар төрд тохирох хүн гэж үзэн, эцэг нь суудлаа өвлүүлсэн нь гэнэтийн шийдвэр байлаа. Улс төрийн туршлага муутай түүнийг улс орноо удирдана гэдэгт ард түмэн итгэж яджээ. Гэхдээ тэрээр 1994 онд цэргийн академид элсэж, суралцан хурандаа цолтой болсон юм.
6. 2000 онд 97 хувийн саналаар, 2007 онд ямар ч нэр дэвшигчгүйгээр 97,6 хувиар ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
7. Башар Ассадын гадаад бодлогыг Америк, Саудын Араб, Турк, Израйль улсууд хүчтэй шүүмжилдэг. Түүний удирддаг “Ba"ath” буюу Арабын социалист нам нь парламентыг хянаж, улс орноо удирддаг юм.
8. Засгийн эрхийг авмагцаа Меззо шоронг хааж, хэдэн зуун улс төрийн хоригдлуудыг суллах зэргээр шинэчлэл хийж байсан ч 2012 оны долдугаар сард Ассад Хонконг, Оросын банкуудад 1,5 тэрбум долларын нууц данс эзэмшиж, татвараас зугтаасан нь илэрч, хөрөнгөө битүүмжлүүлж байжээ.
9. Аж үйлдвэрийн салбарыг төр удирддаг, эдийн засгийн хязгаарлагдмал эрх чөлөөтэй Сири улсыг Башар Ассад 2015 он гэхэд газрын тос экспортлогч бус импортлогч болгохыг зорьсон юм. Энэхүү эдийн засгийн бодлого нь ээдрээтэй асуудлын нэг болдог.
10. 2008-2011 оны хооронд Башар Ассадын Засгийн газар жирийн иргэдийг тамлан зовоож, хөнөөсөн аймшигт мэдээллийг хүний эрхийг хамгаалагчид түгээсэн. Түүний харгис, хатуу бодлогыг эсэргүүцэж, 2011 онд эхэлсэн хөдөлгөөн иргэний дайн үүсэхэд нөлөөлсөн гэж үздэг.
11. Хэдэн арван жилийн турш төрийн эрхийг гартаа атгасан Ассадын гэр бүл цэргийн хүчээр улс төрийн байр сууриа ганхахааргүй бэхжүүлж чадсан гэдэг.
12. Түүнийг Иракыг ноёрхож байсан Саддам Хуссейны дэглэмтэй харьцуулшгүй их хүчтэй удирдагч гэж үздэг.
13. Тэрээр 2001 онд Иракийг Америкийн холбоотнууд цэргийн хүчээр дайрсаныг хүчтэй эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг юм. Тиймээс ч Ассадыг үймээн самуун дэгдээж, Барууны орнуудын эсрэг халдлага үйлдэхээр завдсан гэж буруутгагдахад нөлөөлжээ.
14. Башар Ассад ба түүний эхнэр Асма Ассад нар олон улсын тавцан дахь нэр хүндээ өсгөхийн тулд Америкийн пиарын фирмийг хөлслөн ажиллуулдаг байна.
15. 2011 оны нэгдүгээр сард Сирид улс төрийн шинэчлэл хийж, Ассадын ноёрхлыг устгаж, иргэний эрхийг хамгаалах тэмцэл өрнөснөөр, 130 мянган хүний амь насыг авч одсон иргэний дайны эхлэл болжээ.
16. 2011 оны гуравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд энгийн иргэдийн эсрэг цэргийн хүч ашиглаж, хүчирхийлэл газар авч эхэлсэн байна.
17. Оны 5-6 сард барууны орнууд болон тэмцэгчдийн шахалтаар парламентын сонгуулийг дахин явуулж, жагсагчдыг гэртээ харихыг сануулсан ч энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэхээ зогсоогоогүй билээ.
18. Ингээд 2012 оны нэгдүгээр сарын сүүлд 5000 гаруй тэмцэгч Сирийн армийн дайралтад амиа алдсан гашуун түүх эхэлсэн юм.
19. 2012 оны хоёрдугаар сард Сири улс шинэ үндсэн хуулиа батлахаар 90 хувийн дэмжлэг аваад байсан ч Америк, Турк, Европын холбоо зэрэг бусад улс утгагүй зүйл гэж нэрлэжээ. Харин Орос улс барууны орнууд Сирийн дотоод асуудалд оролцож, хориг арга хэмжээ авахыг шүүмжилж байв.
20. 2013 оны нэгдүгээр сарын 6-нд зөрчил иргэний дайн болон хувирч, амиа алдагсдын тоо 20 мянгад хүрсэнийг зарласны дараа Башар Ассад “Сирийг там руу явуулж, хичээл заах гэсэн гадны улсуудын оролцооноос манай улс оронд зөрчил үүссэн” гэж зоригтой мэдэгдэн, дэлхий нийтийг цочроож байв.
21. Үнэхээр Башар Ассадыг эсэргүүцсэн зөрчил Барууныхны ар тал болсон зэвсэгт бүлэглэл, босогчдын талын дайчид гэсэн хоёр хэсгийг бий болгож, тэдгээр нь хоорондоо зөрчилдөх болсон гэж ажиглагчид үздэг. Тэд Башар Ассад гэсэн ганцхан дайсантай мэт боловч, дайн доторх дайн гэгчээр олон жижиг бүлгүүд гарч ирсэн юм.
22. 2013 оны аравдугаар сард химийн зэвсгээ НҮБ-д хүлээлгэн өгсөний дараа “Нобелийн энх тайвны шагнал миний болох ёстой” гэж Башар Ассад хэлсэн юм.
23. Ассадыг 100 мянган хүний амийг авч одсон “алуурчин” гэж Барууныхан буруутгаж байхад, улс орноо гадныхны нөлөөнөөс аварч үлдэхийг хүссэн “Арабын хавар”-ын хамгийн “тэсвэртэй” улс төрч гэж сайшаах хэсэг ч бий. Ливи, Ирак зэрэг Арабын орнуудад хувьсгал өрнөж, удирдагчдийг нь зайлуулсан нь баялгаа гадныханд алдаж, өнөөг хүртэл энх тайван байдлыг олж чадаагүй байна.
24. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Башар Ассадыг “Терроризмын супер магнат” гэж нэрлэсэн билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (7)