Кеплер сансрын хөлөг дэлхийн ихрийг олж илрүүлжээ.
Энэ тухай АНУ-ын Сансар Судлалын Агентлаг буюу НАСА-гаас зарласан байна. “Кеплер 452 би” гэж нэрлэсэн тус гариг дээр амьдрал байх боломжтой гэж НАСА-гийн эрдэмтэд үзэж байгаа аж.
“Кеплер 452 би” дээр манай гаригтай ижил уул хад, ус байгаа эсэхийг НАСА-гийн эрдэмтэд баттай мэдээгүй боловч энэ нь эрдэмтдийн өнөөг олж илрүүлсэн дэлхийтэй хамгийн төстэй гариг юм байна. “Өнөөдрөөс дэлхий ганцаардахаа болилоо” гэж Кеплер хөлгийн судлаач Жон Женкинс хэлжээ.
Мөн тэрбээр дэлхийн нарнаас авдагтай бараг ижил хэмжээний эрчим хүчийг өөрийн одноос авдаг бөгөөд энэ нь дэлхий дээрх нарны туяатай их төстэй, тус гариг үүсээд 6 тэрбум жил болж байгаа учир амьдрал үүсэх боломж баялаг гэдгийг ч мэдээлсэн байна.
“Кеплер 452 би” гариг нь дэлхийгээс 1,400 гэрлийн жилийн зайд оршдог юм байна. Дэлхийгээс 60 хувь том тус гаригийн гадаргуу дээр шингэн буюу ус байх боломжтой гэж эрдэмтэд үзжээ. Дэлхийн ихэр гариг дээр дэлхийгээс хоёр дахин хүчтэй татах хүч үйлчилдэг аж.
“Дэлхийн ихэр”, “Дэлхийн үеэл”, “Хоёрдугаар дэлхий” гэж нэрлэгдэж буй тус гариг одоо 385 хоногт нэг тойрон эргэдэг гэж НАСА-гаас мэдэгджээ.
Тус гаригаас өмнө “Кеплер-186 эф” гэдэг гаригийг дэлхийтэй хамгийн төстэй гэж НАСА үзэж байжээ. АНУ-ын Сансар Судлалын Агентлаг 600 сая долларын өртөгтэй Кеплер ажиллагааг 2009 онд эхэлсэн бөгөөд тус ажиллагааны зорилго нь хүн суурьших боломжтой гаригийг олж нээх явдал юм.
Одоогийн байдлаар, Кеплер сансрын хөлөг 1,000 гаруй гариг илрүүлсэнээс 12 нь амьдрал үүсэх боломжтой бүсэд байрладаг юм байна. 2017 онд НАСА-гаас ТЕСС нэртэй гариг хайгч хиймэл дагуулаа илгээн, дээрх гаригуудын хэмжээ, масс, уур амьсгалын тухай нарийн мэдээлэл олж авахаар төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл (2)