БАРИМТ 1
Пунсалмаагийн Очирбат БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр 88.1 хувийн саналаар сонгогдож, 1990 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тангараг өргөв.
БАРИМТ 2
БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын даргаар БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатыг томилов.
БАРИМТ 3
Анхны хориг: Ерөнхийлөгч П.Очирбат Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “Газрыг өмчлөх эрх нь БНМАУ-ын тусгаар тогтносон бүрэн эрхэд байна. Газрыг өмчлөх эрх нь түүний хэвлий ба байгалийн нөөцөд хамаарахгүй” гэж заасан нь газар төрийн өмчид байх боловч түүний хэвлий ба байгалийн нөөц нь төрийн бүрэн эрхэд хамаарахгүй гэж ойлгогдохоор болсон байна гэж үзэн хориг тавив.
БАРИМТ 4
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг байгуулав.
БАРИМТ 5
Мэгжид Жанрайсиг шүтээнийг залах зарлиг гаргаж, шүтээнийг дахин залав.
БАРИМТ 6
Өмч хувьчлалын тухай хуулийг батламжлав. Ингэснээр иргэд хувийн өмчтэй болох үндэс суурь тавигдаж, орон сууц, ажлын байр, мал сүрэг хувь хүний өмчид шилжсэн.
БАРИМТ 7
Ерөнхийлөгч П.Очирбат Ардын хувьсгалын 70 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлдэг уламжлал тогтсон.
БАРИМТ 8
Ерөнхийлөгч П.Очирбат алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой “Алт” хөтөлбөрийг санаачлав. Үр дүнд нь дөрвөн жилийн хугацаанд алт олборлолт бараг тав дахин нэмэгджээ.
БАРИМТ 9
Монголын төрийг үндэслэн байгуулагч Их эзэн Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойг зохион байгуулж, Чингис хааны дурсгалын цогцолбор байгуулахыг дэмжив.
БАРИМТ 10
1992 онд шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн батлав. Монгол Улс Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч бүхий парламентын засаглалыг сонгож, хүний эрх, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг дээдэлсэн, өмчийн олон хэвшлийг хүлээн зөвшөөрсөн, олон ургальч үзлийг нийгмийн соёл оюуны үндэс болгосон хүмүүнлэг ардчилсан нийгмийн жам ёсны харилцааг тунхаглажээ.
БАРИМТ 11
Их эзэн Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойн хүрээнд Төрийн хан хуур бүтээж, Төрийн өргөөнд залах тухай зарлиг буулгав.
БАРИМТ 12
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл байгуулах тухай зарлиг гаргав.
БАРИМТ 13
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд оролцож, Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай зарлав. Ийнхүү Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар баталжээ.
БАРИМТ 14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталж, нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн болов.
БАРИМТ 15
1993 онд анхны Ерөнхийлөгчийн сонгууль болж, П.Очирбат 57.8 хувийн саналаар ялалт байгуулж, тангараг өргөв.
БАРИМТ 16
Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-аас 1991 онд баталсан 66 дугаар тогтоол нь “Монгол Улсад албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэлийг хангах ажлыг орон даяар хэрэгжүүлэх төрийн бодлогын чиг хандлагаас ухрах, хүчийг саармагжуулсан шийдвэр болжээ” гэж үзэж хориг тавив.
БАРИМТ 17
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг санаачлан батлуулав.
БАРИМТ 18
Төрийн удирдлагын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барив.
БАРИМТ 19
Аугаа эх орны дайны ялалтын 50 жилийн ойн баярт оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Н.Ельцин, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Клинтон, БНХАУ-ын дарга Зян Зэминь, Канадын Ерөнхий сайд Ж.Кретьен нартай уулзав.
БАРИМТ 20
Богд хан хайрхан уул, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тайх уламжлалыг сэргээх тухай зарлиг буулгав.
БАРИМТ 21
Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын гишүүний Айбекс групп, Молам корпорацтай байгуулсан “... гэрээ хэлцлүүд нь Монгол Улсын нэр хүндэд хохирол учруулсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргаснаас хойш дөрвөн сар өнгөрөхөд Засгийн газар эдгээр гэрээ хэлцлүүдийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан үзэхээр авсан үүргээ биелүүлсэнгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв. Ардчилсан хүчнийхэн 1994 онд дээрх гэрээ хэлэлцээрийг эсэргүүцэж, 12 хоногийн турш өлсгөлөн зарласны үр дүнд 90 жилийн хугацаатай байгуулсан гэрээ цуцлагджээ.
БАРИМТ 22
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв.
БАРИМТ 23
Зарим сүм хийдийг сэргээн ажиллуулах тухай зарлиг гаргав.
БАРИМТ 24
1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Багабанди 60.8 хувиар ялалт байгуулав. Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, өнгөрсөн хугацаанд Монгол Улс шинэ Үндсэн хуулийг баталсан, газрын тосны баялгийг нээсэн, алт, зэс, ураны аж үйлдвэрийн суурь тавигдсан, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлого явуулдаг, олон улсад нэр хүндтэй, нээлттэй Монгол орон болсныг дурдаад, “...ийм орныг өөрийн залгамж шинэ Ерөнхийлөгчид хүлээлгэн өгч байна” гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч П.Очирбат төрийн тэргүүний суудалд өргөмжилж сонгосон ард түмэндээ талархал илэрхийлэв.