УИХ-ын чуулганы хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр: Байгалийн гамшиг тохиолдсон үед л нөхөн олговор олгоно гэсэн зохицууллатыг өөрчлөх шаардлага бий
Тэрбээр "Энэ хуулийг хэлэлцэж байгааг хараад 21 аймгийн 330 суманд байгаа иргэд баяртай байгаа байх. Учир нь малын индексжүүлсэн даатгалд хамрагдаад ч малын хорогдлын нөхөн төлбөрийг авч чаддаггүй байсан. Хамрагдалт хүртэл маш бага. Өнгөрсөн жилд хамгийн их хэмжээний нөхөн олговор буюу 18 тэрбум төгрөг олгогодсон. Тухайлбал, Сүхбаатар аймгийн даатгалд хамрагдсан малчин өрх 100 хувь нөхөн олговороо авсан. Өнөөгийн хуулиар зайлшгүй байгалийн гамшиг тохиолдсон үед л нөхөн олговор олгоно гэсэн зохицууллатыг өөрчлөх шаардлага бий" гэв.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хуулийн өөрчлөлтөд хөдөө орон нутгийн иргэд, малчдын оролцоо маш чухал
Тэрбээр "Малчид малын индексжүүлсэн даатгалд хэр сэтгэл ханамжтай байдаг вэ гэдгийг даатгалд хамрагдаж байгаа хүмүүсийн хувь хэмжээ харуулж байна. 2014 оноос хойш явж байгаа даатгалын тогтолцоог ямар хэмжээнд байгааг малчдын итгэл үнэмшил харуулж байна. Өнгөрсөн жилийн зудаар ч бид хангалалттай харсан. Тиймээс гурван зүйлийг тодруулъя.
Нэгдүгээрт, сумын хэмжээнд босго тогтоодог хэвээр орж ирж байна. Үүнийг жижиглэх, багаар эсвэл өрх айлаар болгох боломжтой юу? Хоёрдугаарт, олон нийтээр хэлэлцүүлсэн байдлыг мэдмээр байна. Хөдөө орон нутгийн иргэд, малчдын оролцоо маш чухал. Гуравдугаарт, зургаан хувийг Засгийн газар тогтооно гэж байгаа ч хуулийн нэмэлт өөрчлөлтөд хэвээр орж ирж байна. Энэ асуултуудад үнэн зөв, бодитой, тоон мэдээлэл авмаар байна" гэв.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Хохирол амссан л бол даатгалын нөхөн төлбөрөө авдаг тогтолцоо руу орж байж хууль хэрэгжинэ
Тэрбээр "Өнгөрсөн хоёр жил дараалан маш хүнд өвөл болсон. Даатгалын тогтолцоо, хууль 2014 оноос хойш хэрэгжээд тодорхой үо дүнд хүрэхгүй байгаа учир шалтгаан бол малчид нөхөн төлбөрөө тухайн үед нь авч чадахгүй байгаа учраас. Даатгалын босгыг сумын хэмжээнд 6 хувь тавина гэдэг болохгүй. Хохирол амссан л бол даатгалын нөхөн төлбөрөө авдаг тогтолцоо руу орж байж энэ хууль хэрэгжинэ. Малчид итгэж байж даатгуулна" гэв.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: Индексжүүлсэн гэхээсээ илүү бодит хохирлыг тооцдог даатгалын систем рүү оруулах ёстой
Тэрбээр "Зуд хоёр гурван жилдээ нэг болдог байж болно. Харин малчин хүн эдийн засгийн харилцаанд байнга орж байгаа. Тэд мөнгөгүй учраас банкнаас очиж зээл аваад байгаа. Зээл авахад эхний хэсэг нь малын индексжүүлсэн даатгал руу нь явах нь ээ. Иймд индексжүүлсэн гэхээсээ илүү бодит хохирлыг тооцдог даатгалын систем рүү оруулах ёстой. Ингэж байж малчид сайн дураараа даатгуулаад эхэлнэ. Энэ маягаар явбал малчдад санхүүгийн дарамт учруулна" гэв.