Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт эхний хэлэлцүүлэг болж буй. Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга “Монгол Улсын хот суурин газрын агаарын бохирдол, эх үүсвэр, тооллого, эх үүсвэрийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, цаашдын бодлого” сэдвээр илтгэл тавьсан.
Илтгэлд нийслэлийн агаарын чанарын хэмжилтийг 2018-2024 онтой харьцуулахад РМ10, РМ2.5 SO2 (хүхрийн давхар исэл) буурсан, NO2 (азотын давхар исэл) ихэссэн байгааг дурдсан байв.
Мөн Монгол Улсын хэмжээнд агаарын чанарын хяналт шинжилгээг Орхон аймгийн хоёр, Улаанбаатар хотын 19 цэгт зургаан үзүүлэлтээр автоматаар тасралтгүй хэмждэг бол аймгийн төвүүдэд нэг стандарт арга зүйгээр механикаар хэмжиж байна гэлээ. Түүнчлэн тэрбээр, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийх хууль эрх зүйн шинэчлэл, технологийн шилжилт, санхүүжилтийн эх үүсвэрийн талаар танилцуулсан.