Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нэр бүхий иргэд, байгууллагаас жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн холбоотой гомдлууд ХЗДХ-ийн сайдын нэр дээр хандаж гаргасан. Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийг тооцох итгэлцүүр гэдэг аргачлалыг Санхүүгийн зохицуулах хорооноос батлуулахаар Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний улсын бүртгэлд бүртгүүлэхээр ХЗДХЯ-нд 11 дүгээр сард ирүүлсэн байна. Ирүүлэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос нөлөөллийн мэдүүлгийг бодит байдалтай нийцэхгүйгээр ирүүлжээ. Бид сая шалгаж үзлээ. Энэ итгэлцүүрээр юу болж байгаа вэ? гэхээр Жолоочийн хариуцлагын даатгалын хувь хэмжээ эрс нэмэгдэж байна. Тодруулбал, 700 мянга хүртэл нэмэгдэж байна гэж иргэд шүүмжилж байна.
Гэхдээ үүн дотор анхаарууштай зүйл нь Үндсэн хуульд зааснаар хүний нас хүйс, хөрөнгө чинээ, нийгмийн гарлаар нь ялгаварлахгүй гэсэн үндсэн зарчмыг зөрчсөн байна гэж бид дүгнэсэн. Тухайлбал, 18-25 насны иргэд нэг өөр тарифаар, хамгийн өндөр нь 61-ээс дээш насны иргэд нэг өөр тарифаар даатгалд хамрагдана гэсэн нь хуулийн шаардлагуудад нийцэхгүй байна.
Материалыг ирүүлэхдээ нөлөөллийн шинжилгээ, бусад материалын бүрдэл дээр алдаа гаргасан байна гэж үзээд, өчигдөр ХЗДХ-ийн сайдын хувьд шийдвэр гаргаж, шийдвэрийг Улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хаслаа.
Жолоочийн хариуцлагын даатгалын итгэлцүүрийг баталсан 2025 оны нэгдүгээр сарын 9-өөс эхлэн хэрэгжих боломжгүй болсон гэсэн үг.
Учир нь Захиргааны хэм хэмжээний акт ХЗДХ-ийн яаманд нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж байж хэрэгждэг. Тиймээс материалаа дахин хянаж, хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэн Санхүүгийн зохицуулах хороонд буцаасан. Шийдвэр нь хууль бус учраас даатгалаа нэмэгдсэн хэмжээгээр төлсөн иргэдийн мөнгийг даатгалын компани буцааж өгөх ёстой" гэв.
Сэтгэгдэл (2)