Английн Манчестер Сити клуб Германы Айнтрахт Франкфурт багийн довтлогч Омар Мармоушыг авах аман гэрээ байгуулжээ. Ингэснээр бид түүнийг энэ сард Этихад цэнгэлдэх хүрээлэнд харах нь гарцаагүй болов.
Франкфурттай тохиролцсон нь Ситигийн хувьд удаан хугацааны үр дүн бөгөөд Герман клуб хэлэлцээрийн үеэр 60 сая еврогийн үнэ хэлжээ. Манчестер Сити тэдний саналыг хүлээн зөвшөөрсөн. Нөгөө талд Мармоушийг явуулах нь Айнтрахт Франкфуртын хувьд сөрөг нөлөөтэй. Тэд гол тоглогчоо алдсанаар Аваргуудын лигт шалгарах боломж багасах юм. Тус баг одоогоор Бундес лигийн гуравт бичигдэж байна.
Египетийн шигшээ багийн тоглогч, 25 настай Мармоушийн амжилт эд үедээ байгаа бөгөөд энэ улиралд Франкфуртын төлөө 26 тоглолтод оролцож, 20 гоол оруулаад буй. Эдгээрийн 15 гоолыг Бундес лигт оруулж, лигийн мэргэн бууч Харри Кэйнээс нэг гоолын дутуу байгаа.
Мармоуш Ситид очсоноор сүүлийн саруудад унаад буй формыг нь сэргээж, өнгөрсөн зун Хулиан Альварес 81.5 сая фунтээр Атлетико Мадрид руу шилжсэнээс болж үүссэн цоорхойг нөхнө гэж ажиглагчид харж байна.
Мармоуш 2023 онд Бундеслигийн Вольфсбург клубээс үнэ төлбөргүй солилцоогоор Франкфурт багт ирсэн. Тэрбээр эх орондоо Вади Дегла клубээс карьераа эхлүүлсэн билээ.
Л.Баяр