Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурлаа. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гэрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Н.Наранцогт нар гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд оролцов. Францын талаас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартайн, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн Пэрейра, Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайдын Ажлын албаны дэд захирал Никола Жаннин нарын 20 төлөөлөгч оролцсон юм.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол Улс Францын талтай ураны төсөлд хамтранажиллах тухай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байна. Монгол Улс гурав дахь хөрш оронтой хийr буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холботдолтой гэрээ билээ. Монголын -за бол андгай хэмээх эцэг дээдсийн үг бий. Монголын парламенттай нээлттэй хэлцэл хийх хялбар биш ч нэгэнт хэлцэл хийгдсэн бол эрх зүйн хувьд тогтвортой гэсэн агуулга юм.
Монгол Улсын Засгийн газар УИХ-аараа батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хэлбэрэлтгүй дагаж мөрдөх болно.
Бүгд Найрамдах Франц Улс бол бидний гуравдагч хөрш, европ дахь дотны итгэлт түнш гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Тогтолцооны шинэчлэлийн үр дүнд байгуулагдсан Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа. Энэхүү төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад монголын хөрөнгө оруулалтын орчныг цоо шинээр ойлгуулж, гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлтийн авчрах эхлэл цэг, эхлэл цан болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох үндсэн түүхий эд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлэлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр НҮБ-ын олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх чухал алхмыг Монгол Улс хийж чадлаа.
Төсөл Монголд 5 орчим тэрбум ам.долларын ашиг авчирна. Орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлнэ, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдана. Ноогдол ашиг хүлээлгүйгээр, төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш иргэдийн дансанд шууд ашиг хуримтлагдаж эхлэх онцлогтой. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар энэ удаа онцлог эрх зүйн орчин бүрдсэн” хэмээн дурдлаа.
Сэтгэгдэл (1)