БАРИМТ 1
Ерөнхийлөгч агсан П.Очирбат 1942 оны нэгдүгээр сарын 23-нд буюу Морин жилийн өвлийн адаг сарын шинийн наймны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд малчин ард Пунсалмаагийн хүү болон мэндэлжээ.
БАРИМТ 2
Дунд сургуулиа 1951-1960 онд Завхан аймагт суралцан төгсжээ. Төгссөн жилээ буюу 1960 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуульд уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр суралцаж 1965 онд төгссөн аж. 1975 онд техникийн ухааны дэд эрдэмтэн, 1999 онд эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
БАРИМТ 3
П.Очирбат 1966 онд Аж үйлдвэрийн яамны мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны гуравдугаар сараас 1990 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын албыг хашиж байлаа.
БАРИМТ 4
Тэрээр БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр 88.1 хувийн саналаар сонгогдож, 1990 оны есдүгээр сарын 04-ний өдөр тангараг өргөж байв. 1992 оны хоёрдугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993 оны зургаадугаар сарын 06-ны өдөр шинэ Үндсэн хуулийн дагуу явагдсан сонгуулиар дахин сонгогдож, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч байв.
БАРИМТ 5
Анхны ерөнхийлөгчийн анхны хориг: Ерөнхийлөгч П.Очирбат Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Газрыг өмчлөх эрх нь БНМАУ-ын тусгаар тогтносон бүрэн эрхэд байна. Газрыг өмчлөх эрх нь түүний хэвлий ба байгалийн нөөцөд хамаарахгүй гэж заасан нь газар төрийн өмчид байх боловч түүний хэвлий ба байгалийн нөөц нь төрийн бүрэн эрхэд хамаарахгүй гэж ойлгогдохоор болсон байна гэж үзэн хориг тавьж байв.
БАРИМТ 6
Ерөнхийлөгч П.Очирбат Ардын хувьсгалын 70 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлдэг уламжлал тогтсон билээ.
БАРИМТ 7
Тэрээр ерөнхийлөгч байхдаа алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой Алт хөтөлбөрийг санаачилж байв. Үр дүнд нь дөрвөн жилийн хугацаанд алт олборлолт бараг тав дахин нэмэгджээ.
БАРИМТ 8
1992 онд шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн батлав. Монгол Улс Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч бүхий парламентын засаглалыг сонгож, хүний эрх, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг дээдэлсэн, өмчийн олон хэвшлийг хүлээн зөвшөөрсөн, олон ургальч үзлийг нийгмийн соёл оюуны үндэс болгосон хүмүүнлэг ардчилсан нийгмийн жам ёсны харилцааг тунхаглажээ.
БАРИМТ 9
Тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд оролцож, Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай зарлав. Ийнхүү Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар баталжээ.
БАРИМТ 10
Мөн энэ хугацаанд өмч хувьчлалын тухай хуулийг батламжилсан байдаг. Ингэснээр иргэд хувийн өмчтэй болох үндэс суурь тавигдаж, орон сууц, ажлын байр, мал сүрэг хувь хүний өмчид шилжсэн юм.
БАРИМТ 11
Тэрээр Богд хан хайрхан уул, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тайх уламжлалыг сэргээх тухай зарлиг буулгаж байв.
БАРИМТ 12
Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын гишүүний Айбекс групп, Молам корпорацтай байгуулсан ... гэрээ хэлцлүүд нь Монгол Улсын нэр хүндэд хохирол учруулсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргаснаас хойш дөрвөн сар өнгөрөхөд Засгийн газар эдгээр гэрээ хэлцлүүдийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан үзэхээр авсан үүргээ биелүүлсэнгүй хэмээн байр сууриа илэрхийлэв. Ардчилсан хүчнийхэн 1994 онд дээрх гэрээ хэлэлцээрийг эсэргүүцэж, 12 хоногийн турш өлсгөлөн зарласны үр дүнд 90 жилийн хугацаатай байгуулсан гэрээ цуцлагджээ.
БАРИМТ 13
Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн эрхэм бол П.Очирбат. Тэрээр Ерөнхийлөгч байхдаа АНУ, БНХАУ, БНСУ, ОХУ, БНЭУ, Тайландын Вант Улс, БНАЛАУ, БНСВУ, Франц, Их Британи, Индонез, Шинэ Зеланд, Австрали улсуудад тус тус айлчлал хийж байжээ. Мөн түүний урилгаар тухайн үеийн БНХАУ-ын дарга Ян Шанкунь, Украйны Ерөнхийлөгч Л.М.Кравчук, Киргизийн Ерөнхийлөгч А.Акаев, Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Австралийн Амбан захирагч Билл Хайден нарын хүмүүс Монгол Улсад айлчилж байв.
БАРИМТ 14
Ийнхүү тэрээр 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Багабандитай өрсөлдөж, ялагдсан юм. Энэ үед тэрээр УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, өнгөрсөн хугацаанд Монгол Улс шинэ Үндсэн хуулийг баталсан, газрын тосны баялгийг нээсэн, алт, зэс, ураны аж үйлдвэрийн суурь тавигдсан, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлого явуулдаг, олон улсад нэр хүндтэй, нээлттэй Монгол орон болсныг дурдаад, ...ийм орныг өөрийн залгамж шинэ Ерөнхийлөгчид хүлээлгэн өгч байна гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч П.Очирбат төрийн тэргүүний суудалд өргөмжилж сонгосон ард түмэндээ талархал илэрхийлсэн байв.
БАРИМТ 15
П.Очирбат агсан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр долоон жил ажиллахдаа төрийн тэргүүний хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, засаглалыг шинэчлэн төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол зөвшилцлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
БАРИМТ 16
Тэрээр нэгэн ярилцлагадаа “Ардчилсан нийгэмд шилжихээр ардчилсан төрийн тэргүүн гэдэг дүр төрх нь өмнөхөөсөө ялгаатай байх ёстой. Шинэ нийгмийг бүрэлдүүлэх үеийн удирдагч бол шинэ дүр төрхтэй, төрийн бодлогыг ард түмэнд тулган хүлээлгэж хэрэгжүүлэхийг үүрэгдэх бус, яах вэ гэдгээ ард түмнээсээ асууж, санаа бодлыг нь сонсч, хамтын ухаанаар шинэ нийгмээ байгуулах шаардлага тулгарсан юм. Малчин айлд очиж ярьж хөөрч, хийгээд өгсөн цай хоолыг нь идэж уучихдаг, гудас дэвсээд дээлээ нөмрөөд унтчихдаг байсан” хэмээсэн байдаг.
БАРИМТ 17
Тэрээр Монгол Улсын ШУА-ын гишүүн, академич бөгөөд Монгол Улсын Техникийн их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Данкукийн их сургууль, Оросын Холбооны Улсын Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуулийн хүндэт доктор, АНУ-ын Везляены их сургуулийн Хүндэт хуульч, Казахстан Улсын Л.Н.Гумилевын нэрэмжит Евразийн үндэсний их сургуулийн Хүндэт профессор, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн байлаа.
БАРИМТ 18
ШУТИС-д багш, судлаачаар ажиллаж байхдаа “Уулын үйлдвэрлэлийн техник, технологийн үндэс”, “Нүүрсийг удаан хугацаагаар хадгалах, хаягдлыг багасгах арга зам” зэрэг мэргэжлийн болон “Монголын Ардчиллын хөгжил”, “Тэнгэрийн цаг” зэрэг улс төр, нийгмийн судалгааны болон эрдэм шинжилгээний 20 гаруй томоохон ном, олон арван товхимол, нийтлэл бичиж, уншигч түмэндээ толилуулсан байдаг.
БАРИМТ 19
Түүний бүтээлүүдээс “Тэнгэрийн цаг” номыг Монголын ард түмэн мэдэх биз ээ. Тэрээр уг номынхоо талаар “Тэнгэрийн цаг гэдгийн утга учир бол Монголын ард түмнийг тэнгэр ивээж, ардчилал гэдгийг авчирч, бид цоо шинэ нийгэмд шинэ маягаар амьдрах цаг ирлээ гэсэн утгатай. Шинэ цаг үе, ардчилал, эдийн засгийн шилжилт энэ бүхэн үргэлжилсээр байна. Тийм учраас тэнгэрийн цаг жаргах болоогүй ээ. Улам л сайхан эрч хүчтэй үргэлжилж байна” хэмээн тэмдэглэсэн байдаг. Эл номд ардчиллын үйл явцыг манлайлж ид залуу насандаа зүтгэж явсан С. Зориг агсан, Э.Бат-Үүл, Ц. Элбэгдорж, Дарь.Сүхбаатар, Д.Ганболд нарын ажиллаж явсан 1990-ээд оноос эхлээд, одоо монголын ардчиллыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа залуучуудын замналын түүх бий.
БАРИМТ 20
Тэрээр техникийн шинжлэх ухааны доктор, профессор, экологийн аюулгүй байдлын олон улсын шинжлэх ухааны академийн гишүүн байв. Мөн ажил мэргэжил хийгээд эрдмийн ажлынхаа явцад Дэлхийн энхтайвны академийн Санкт- Петербургийн Уул уурхайн дээд сургуулийн хүндэт доктор зэрэг гадаад, дотоодын их, дээд сургуулиудын эрдмийн цолыг удаа дараа хүртжээ.
БАРИМТ 21
Түүнчлэн Монгол төрийн дээд шагнал “Чингис хаан” одон, Зөвлөлтийн уурхайчны алдрын 1,2,3 дугаар зэргийн одон, Унгар улсын Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнагдсан юм.
БАРИМТ 22
Тэрээр 80 нас хүрэхдээ “Би амьдралаас уйдаагүй. Сайхан ажилтай, сайхан гэр бүлтэй, сайхан эх оронд амьдарч өдий хүрчээ. Юу болоод өнгөрснийг тооцох завдалгүйгээр амьдрал буцалсаар байгаад л, амьдрал дунд тэмцсээр байгаад, чанагдсаар байгаад зүтгэсээр байгаад, хийсээр яваад нэг мэдэхэд 80 хүрсэн байна” хэмээж байв.
БАРИМТ 23
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат агсан 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа таалал төгслөө.
БАРИМТ 24
П.Очирбат агсны эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, эвийг эрхэмлэгч, өв соёлыг дээдлэгч, ажилч хичээнгүй, тууштай дүр төрх, зан чанар, шинжлэх ухаанч, зарчимч, бүтээлч үйл хэрэг нь Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно.