УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Хилийн чанад дахь Монгол иргэдийг төрийн цахим үйлчилгээний И-Монголиа системийг ашиглах боломж түүнчлэн цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв болон “И-Монгол академи” УТҮГ-ын захирлын мэдээллийг тус тус сонсов.
Үндэсний статистикийн хороо болон НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хамтран хийсэн судалгаагаар Хүн ам, орон сууцны тооллогоор гадаадад тоологдсон иргэдийн тоо 2020 оны байдлаар 113,789 иргэн байсан бол 2024 оны байдлаар гадаад улсад ажиллаж амьдарч буй сонгуулийн насны 187,000 мянган иргэн байна гэсэн судалгаа гарчээ.
Тэгвэл эдгээр иргэд өөрийн эрхээ эдэлж тухайн улсад оршин суух Монгол улсын элчин сайдын яаманд хүсэлтээ гарган сонгуулиа өгөх боломжтой боловч хараахан бүх иргэд хамрагдаж чадахгүй байгаа юм.
Хуралдааны үеэр “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран: E-Mongolia төрийн цахим үйлчилгээг хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдэд хүртээмжтэй болгох болон боломжит хувилбар, шийдлүүдийг танилцуулав. Тэрбээр, өнөөдрийн байдлаар 87 байгууллагын 1263 үйлчилгээг иргэдэд санал болгож байна. Нэг сарын хугацаанд 7 сая орчим хандалтыг гадаадаас авсан. Энэхүү системд нэвтрэх 3 төрлийн хандалтыг санал болгодог. Гадаадад буй иргэдийн хувьд интернэт банкны эрх болон өөрийн нэр дээрх операторын дугаарын бүртгэлийг ашигладаг. Эдгээрээс тоон гарын үсгээр нэвтэрч орох нь хамгийн оновчтой хувилбар хэмээн үзэж байна" гэв.
Мөн “Үндэсний дата” УТҮГ-ын захирал М.Баттулга хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан мэдээлэл өглөө. Тэрбээр, өнөөдрийн байдлаар гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн 816 төрлийн төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн. 2018 онд нэг удаагийн код буюу иргэний регистр дээр бүртгэлтэй гар утасны дугаарт нэг удаагийн код илгээх зарчмаар хэрэглэгчийг бүртгэж эхэлсэн. 2020 онд банкны эрх болон тоон гарын үсгийг шинээр нэмж оруулсан. Түүний дараа 2024 онд дэд бүтцийн кластер зохион, архитектурын хувьд шинэчлэн цэгцэлсэн. Энэ онд веб суурьтай системийг аппликэйшн суурьтай болгож, тусдаа бие даасан, гадаадад оршин суугаа иргэдийг таних олон шийдлүүдийг нэвтрүүлсэн систем болгож хөгжүүлж байна гэв.
Цаашид хилийн чанад дахь монгол иргэдийн саналыг цахимаар сонгуулийг зохион байгуулах эрх зүйн орчныг нэн тэргүүнд бүрдүүлэх нь чухал бөгөөд гадаад улсад амьдрахад зөрчилтэй иргэдийн хувьд санал хураалтад оролцуулах, техник, технологи, аюулгүй байдал зэрэгт иж бүрэн судалгаа хийх асуудлуудыг шийдэх том ажлын хэсэг байгуулагдаж байгааг онцоллоо.