Энэ онд Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулав. Ингэснээр Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ.
Тухайлбал, “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Кувейт Улсын Засгийн газрыг төлөөлж, тус улсын Иргэний нисэхийн Ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак Аль-Жабер Аль-Сабах нар гарын үсэг зурав.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдэж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд цаашид Булангийн орнууд төдийгүй Европын орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах, мөн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн эргэлтийг ихэсгэх, тэр дундаа Монгол Улсаас Кувейт Улс руу хийж буй махны экспортын логистикийн асуудлыг хөнгөвчлөх, экспортыг илүү тогтмол болгоход эдийн засгийн чухал ач холбогдолтой хэлэлцээр юм.
Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний дараа Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Кувейт Улсын Иргэний нисэхийн Ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак Аль-Жабер Аль-Сабах нар албан ёсны хоёр талын уулзалт хийв.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Зам, тээврийн салбар эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс, суурь болж байдгийг тэмдэглэж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Элчин сайд П.Сэргэлэн бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах саналыг кувейтийн талд тавиад буйг мэдээлж, хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан харилцан дээд, өндөр түвшинд айлчлал зохион байгуулж, энэ үеэр 10 гаруй баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж буй бөгөөд Элчин сайдын хувьд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд аваачих энэхүү хэлэлцээрийг эцэслэн байгуулж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хэлэлцээрийг байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилласан Кувейт Улсын холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэв.
Мөн хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах асуудлаар кувейтийн талын холбогдох байгууллагатай нягт холбоотой ажиллаж байгаагаа мэдэгдэв.