Израилийн засгийн газар Газын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах ХАМАС-тай байгуулсан шинэ хэлэлцээрийг баталж, ням гарагт хүчин төгөлдөр болох замыг заслаа.
Шөнө болтол олон цаг ярилцсаны эцэст ийм шийдвэр гаргажээ. Хэт барууны үзэлтэй хоёр сайд нь хэлэлцээрийн эсрэг санал өгсөн байна. Түр гал зогсоох хэлэлцээрийг ням гаргаас хэрэгжүүлж эхлэх бөгөөд ХАМАС уг хэлэлцээрийн эхний шатанд барьцааны 33 хүнийг суллах төлөвтэй байна. Түүнчлэн Палестины олон зуун хоригдлыг Израилийн шоронгоос нэгэн зэрэг суллахаар болжээ.
Барьцаалагдсан хүмүүсийг суллах нь хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэх эхний үе шат болно. Дайныг зогсоох зорилготой хоёр дахь үе шат уг хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш 16 өдрийн дараа эхэлнэ.
ХАМАС-ын барьцаанд байгаа гэх хүмүүс амьд эсэх нь эргэлзээтэй байгааг Израилын өндөр албан тушаалтан даваа гарагт мэдэгдэв. ХАМАС болон түүний холбоотнууд 2023 оны 10 дугаар сарын 07-ны халдлагын үеэр Израилаас 94 хүнийг барьцаалсан юм. Улмаар тэдгээрийн 34 нь амь үрэгдсэнийг Израилын засгийн газар мэдэгдээд байна.
Израилын өндөр албан тушаалтан хэлэхдээ, талууд тохиролцоонд хүрэхийн даваан дээр байгаа бөгөөд Израил хэлэлцээрт гарын үсэг зурснаар барьцааны хүмүүсийг суллах ажил нэн даруй эхлэх аж. Барьцаалагдсан хүмүүсийг суллах нь 42 хоног гал зогсоох хэлэлцээрийн эцсийн шат байх ажээ.
2023 оны 10 дугаар сарын сарын 07-нд ХАМАС бүлэглэлийн дайчид Израилын нутаг дэвсгэрт халдаж, 1200 гаруй хүний аминд хүрсний дийлэнх нь энгийн иргэд байв. Мөн тэд 250 орчим хүнийг Газын зурваст олзлон авчирсан билээ.
Палестины Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 46600 гаруй палестин хүн нас барсан нь 2008 оноос хойш Газын зурваст болсон мөргөлдөөний үеэр амиа алдсан хүний тооноос 10 дахин их байна гэж Ройтерс агентлаг мэдээлэв. Зарим эх сурвалжид энэ хугацаанд хоёр талын нийлсэн 70 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэх судалгааг нийтэлжээ.
Л.Баяр