Тусгаар улсын төрийг төвшитгөж, түмний хүсэл зоригийн жолоог атгана гэдэг их хувь заяа мөн нь гарцаагүй. Тэмцэж, түүхийг эргүүлсэн, шинэ цагийн эхлэл дэх олны итгэлийг хүлээж, нийгэм-улс төрийн эгзэгтэй үеийг залуурдана гэдэг ч эгэл санаагаар бус аа. Тэр цаг тийм ч холд үлдээгүй. Өнгөрснийг эргэн харвал саяхан мэт, 34 жил.
Цэл залуухан эрх чөлөөний нарыг унтраалгүй мандуулсан 1992 он. Энэ гавьяа БНМАУ-ын сүүлчийн Ерөнхийлөгч агаад Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбаттай салшгүй холбоотой нь үгүйсгэгдэшгүй үнэн. Ерөнхийлөгчийн засаглалаас татгалзаж, өнөөдрийн Монгол Улсын парламентын тулгыг түшилцсэнээрээ тэр ардчиллын төлөө арилшгүй үйл хэрэг бүтээсэн юм. Өдгөө бидний эх орныг ардчилсан Монгол Улс хэмээн дэлхий баталж байгаа нь бас л түүний гавьяа. Монгол түмний үзэл санааны сэргэлт хийгээд асар эргэлтийн үеийг "Тэнгэрийн цаг" хэмээн хэн ч түүн шиг хураан хэлж байсангүй.
Түүнийг эгэл даруу, шударга шулуун үгтэй, холч ухаантай, шогч нэгэн байсныг танил дотно явсан нь ч, таарч мэнд солилцсон нь ч дурсан ярьсаар байна. Пунсалмаагийн Очирбат бол зөвхөн БНМАУ-ын сүүлчийн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч хэмээх тодотголын эзэн бус, тэрбээр бидний л нэг байлаа. Алдаатай, оноотой “Анхны Ерөнхийлөгч” гэдэг тодотголын цаана эгэл жирийн цөлх Монгол эр байсан юм. Уг гарваль, ижий аавыгаа дээдэлж, бахархан дурсдаг, өсөж торнисон нутгийн эгэл толгодоо энхрийлэн боддог зан чанар түүний бичсэн шүлгээс ч тодрох юм. Тэрхүү "Бунхантын өвөлжөө" хэмээх шүлэгт:
"...Миний хүйсний чулууг тэмдэг болгон агуулсан
Манай гэрийн буурийг тамга болгон хадгалсан
Голомт, хүйс, дэрний гурван чулууны дунд
Хорвоод амьдрах утгыг багтаасан..." гэх мөр бий. Үүнээс үзэл санааны хувьд төлөвшсөн, эх орноо өөрийн нэг хэсэг хэмээн сэтгэж, хүн байгалийн холбоог таньж мэдсэн нэгэн эрхмийн дүр гэрэлтэнэ. Үүнийг дурдахын учигт утга зохиолд элэгтэй, арвин бүтээл туурвилтай, академич П.Очирбат агсныг энд үүгээр сийрүүлэн үлдээе.
Шинэ Үндсэн хуулийг эхийг барилцаж, 1990-1992, 1993-1997 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллаж, өөрийн оюун санаа хийгээд мэдлэг боловсролоор шинэ цагийн замыг засаж, ардчиллыг шулуутгасан Пунсалмаагийн Очирбат агсны үйл хэргийг бид умартаж үл болно. Тиймийн тул өнөөдөр Монголын ард түмэн тусгаар тогтносон улсынхаа анхны Ерөнхийлөгчийг эцсийн замд нь гүн хүндэтгэлтэйгээр, мэхийн үдэж байна.
Сайн төрлийг олж, сайхан Монгол орондоо эргэн төрөөрэй, Та.
24tsag.mn сайтын редакци