-
2017 оны 4 сарын 21
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний хоёрдугаар чуулган Төрийн ордонд болж байна. Нийслэл, орон нутгийн Байгаль хамгаалах нөхөрлөлийн 800 гаруй гишүүн тус чуулганд оролцож байна. Энэхүү чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрээр,
Үндэсний чуулганд оролцохоор энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Байгаль хамгаалал бол өөрөө амьд явах, үр хүүхэд, хойч үедээ эрүүл амьдрах орчин бүхий эх орон өвлүүлэх чин хүсэлтэй хүн бүрийн үйлс юм. Энэхүү эрхэм үйл хэргийг манлайлан үлгэрлэж унаган нутаг, уул, усаа хамгаалах, нөхөн сэргээх ариун үйлсэд зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулж яваа Байгаль хамгаалах нөхөрлөлийнхөн Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй энэ удаагийн чуулганд эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн, Та бүхэн бол зөвхөн байгаль хамгаалагчид биш юм. Хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, экологийн аюулгүй байдлыг хангах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Иймд байгаль дэлхийгээ хамгаалан ногооноор нь авч үлдэх үйлст амьдралаа зориулж яваа Та бүхний ажил бол эх орноо манаж байгаа эр цэргийнхтэй дүйх хариуцлагатай бөгөөд, нэр төртэй.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны болон бусад олон хөтөлбөрт тусгасан байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, зохистой ашиглах томоохон зорилтуудыг хангахад Байгаль хамгаалах нөхөрлөлийн үүрэг, оролцоо туйлын чухал билээ. Та бүхэн энэ үүргээ ч, оролцоогоо ч энгийн иргэдээс илүү сайн мэдэж, ухамсарлан зүтгэж байгаад Монгол Улсын Ерөнхий сайд миний бие нэн талархалтай байна.
Байгаль орчныг хамгаалах асуудал дээр алдаа гаргасан улс орнууд ямар сүйрэл, хохирол амсдагийг бусдын бэлэн жишээ бидэнд бэлээхэн харуулж байгаа. Тэдний алдааг давтах эрх бидэнд байхгүй. Хэрвээ давтвал үр хүүхэд, хойч үе маань биднийг өршөөхгүй. Бид хойч үедээ зөвхөн бүтэн эх орон л хүлээлгэн өгөх үүрэгтэй. Бүтэн эх орон гэдгийг би хил хязгаар хүртэлх талбайн хэмжээг хэлсэнгүй. Хүн бүр эрүүл энх амьдрах орчин бүхий агаар, газар, ус, хүрээлэн буй орчин гээд байгаль дэлхийгээ бүтнээр нь хойч үедээ, ирээдүйдээ үлдээх ёстой юм. “Бид эх дэлхийгээ өвөг дээдсээсээ өвлөж аваагүй, харин үр хүүхдээсээ зээлдэж байгаа” гэсэн эртний мэргэдийн үг, чухамдаа энэ утгыг илэрхийлж байгаа гэдэгтэй Та бүхэн санал нийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм учраас л бид бусдын алдаанаас сургамж авах хэрэгтэй. Юуг, яаж хийвэл алдааг давтахгүйгээр ахиц дэвшилд хүрч болох вэ гэдгээ энэ чуулганаар давхар ярилцъя.
Өнөөдөр дэлхийн улс орон бүр эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтаа улсынхаа байгаль орчны даац, чадавхид тааруулан, нийцүүлэн хөгжүүлж байна. Олон улсын эрдэмтэн судлаачид Монгол Улсыг “хөгжих асар их боломжтой” гэж тодорхойлдог нь зөвхөн зэс, нүүрс зэрэг уул уурхайн баялгаар нь хэмжиж харсан шалгуур биш юм. Хөгжих, эдийн засгаа өсгөх, нийгмийн томоохон бүтээн байгуулалтаа даах асар их байгаль орчны даац, чадавхи Монгол Улсад байнаа гэдгийг хэлж сануулсан хэрэг. Харамсалтай нь, бид өнөөдөр тэр боломжоо ашиглаж чадсан уу, хараахан чадаагүй байна. Манай орны байгаль орчны чадавхи, даац нь хэтэрчихээд улсын маань хөгжил зогсч, эдийн засаг нь хямраад байна уу гэвэл бас үгүй. Харин манай улсын эдийн засгийн бодлого ч, хувь хүмүүсийн үйлдэл ч байгаль орчиндоо хэтэрхий халтай байгаад л хамаг учир байна.
Монгол Улс байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх гарц шийдэлгүй болчихоогүй. Байгальд халтай хүрэн эдийн засгаас байгальд ээлтэй ногоон эдийн засагт шилжих нь Монгол Улсын тогтовортой хөгжлийн замын зураг, 2020 он гэхэд хүрэх зорилго гэдгийг бид НҮБ-ын төвшинд тунхаглан ажиллаж байна.
Хүрэн эдийн засаг аль болох богино хугацаанд эдийн засгийн ашиг олохыг илүүд үзэж бусад сөрөг үр дагаварыг үл тооцдог сул талтай. Харин ногоон эдийн засаг товчоор хэлэхэд, шилдэг технологи, сайн менежментийг хослуулж байгальд хамгийн бага хохирол учруулах, учруулсан тохиолдолд түүнийгээ нөхөн сэргээдэг тогтолцоо юм. Энэ бол хууль тогтоомжийн хүрээнд бодлогоор төр, засгийн төвшинд хийж эхлэх ажил. Засгийн газраас энэ бодлогын хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргасан бөгөөд тухайлбал, гол мөрөн, голын ус бохирдуулсан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох, шаардлагатай бол лицензийг нь цуцлах шийдвэр гаргаад байна. Мөн уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө батлуулахаас гадна дэнчингийн мөнгө урьдчилан байршуулж, нөхөн сэргээлтийн үр дүнг харгалзан буцаан олгох зарчим баримтлах талаар судалж байна. Утаагүй үйлдвэрлэл болох аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн засгаа тэтгэх, эрчим хүчний алдагдалгүй ногоон барилгын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих чиглэлд тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Байгаль орчин хүн төрөлхтний эрүүл амьдрах орчин, амьсаглах хүчилтөрөгч болохоос нэг хэсэг хүний, нэгэн үеийнхний амьдралын хэрэгцээг хангахад зориулагдсан нэг удаагийн санхүүгийн хэрэгсэл биш юм. Иймд цаашид алтыг нь авсан хоосон авдар, ухсан нүх үлдээхгүйн тулд манай Засгийн газар “Байгаль орчны сайн засаглал”-ыг илүү бодитой хөгжүүлэхийн төлөө ажиллана. Үүний тулд сайн боловсон хүчин, орчин цагийн шилдэг технологи, санхүүгийн зөв урамшуулал, нутгийн иргэд болон энд цугларсан Байгаль хамгаалах нөхөрлөлийнхөн Та бүхний хяналт хамгийн их хэрэгтэй. Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулж ажиллах нь байгалийн нөөц баялгийг хадгалж хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чухал механизм болохыг бодлогын түвшинд тодорхойлж, эрх зүйн хувьд хуульчилж чадсан нь томоохон өөрчлөлт болсон билээ. Энэ хүрээнд Байгал хамгаалах нөхөрлөлүүд байгуулагдаж, улмаар нэгдсэн зохион байгуулалтад орж өөрсдийн санаачлагаар 2014 оноос Нөхөрлөлүүдийн үндэсний холбоо байгуулан ажиллаж байгаа нь менежментийн маш зөв хэлбэр гэж Монгол Улсын Засгийн газар үзэж, бас сайшааж байна. Жишээ нь, ойн салбарт гэхэд нөхөрлөлөөр хамгаалагдсан ой, нөхөрлөлгүй ой хоёр эрс тэс ялгаатай байгааг Та бид бүгдээрээ мэдэх болсон билээ. Дашрамд дурдахад ой, хээрийг түймрээс хамгаалах нь орон нутгийн удирдлагуудын үндсэн үүрэг болохыг хатуу сануулж, энэ ажилд урамшуулал, хариуцлагын механизмыг хослуулан хяналт тавьж ажиллахыг хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад онцгойлон анхааруулж байна.
Байгалиа, байгаль орчноо хамгаална гэдэг нь тойруулж хашаа хатгаад, хүний гар огт хүргэхгүй байхыг хэлэхгүй. Монголчууд бид зөвхөн амьдралын хэвшлээрээ нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн биш ээ. Бидний оюун санаа, сэтгэлгээ ч цаг үе, нийгмийн хэв шинжээ дагаад нүүдэллэж чаддаг. Орчин цагийн байгаль хамгаалал бол байгалийн баялгаа зөв, зохистой ашиглах явдал юм. Хүн эрүүл амьдрахад хүрээлэн буй орчин хамгийн чухал шиг, улс орон хөгжихөд мөнгө, мөнгө олоход байгалийн баялгаа ашиглахаас өөр сонголт одоогоор бидэнд алга. Манай улс өнөөгийн нөхцөлд байгалийн нөөц, баялагтаа тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгох, дэмжихээс өөр аргагүй байна. Ингэхдээ аль болох байгаль орчиндоо хохирол багатай аргаар нөөцийг ашиглах, амьд байгалийн өөрийн нөхөн сэргэж байх нөхцөлийг хангасан үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Ингэж зөв бөгөөд зохистой ашигласан, дараа нь нөхөн сэргээсэн бол энэ нь байгаль орчны хамгийн сайн хамгаалал болно. Эдийн засгаа тэтгэж, улсаа хөгжүүлэхийн тулд уул уурхайн салбараа тэлэх хүслэн байхад, байгаль орчны сөрөг нөлөөгөөр хүний эрүүл, аюулгүй амьдралын орчин хумигдах хяслан бас зэрэгцэж байна. Хүсэл, хясал хоёрын тэнцвэрийг хангахад төрийн бодлогоос гадна иргэдийн оролцоо маш чухал. Ялангуяа манайх шиг өргөн уудам газар нутагтай орны хувьд нутгийн иргэдийн оролцоо нь байгаль орчноо хамгаалах, зохистой ашиглахад хамгийн хүчтэй хяналт болно.
Мөнгө үнэргүй ч, мөнгийг бохир, хөдөлмөр шингэсэн мөнгө үнэ цэнэтэй гэж манай ард түмэн ярьдаг. Байгаль орчноо сүйтгэж олсон мөнгө бол бохир мөнгө. Эх дэлхийгээ уйлуулж, ирээдүйгээ хорлож олсон тийм мөнгө эдийн засгийг тэтгэхгүй. Үр хүүхдүүдийн маань сайхан ирээдүйгээс үнэ цэнэтэй эдийн засгийн өсөлт гэж байх ёсгүй. Тийм учраас байгалийн баялгаа зохистой ашиглаж, байгаль орчноо нөхөн сэргээж олсон ийм мөнгө үнэ цэнэтэй бөгөөд өгөөжтэй байх болно. Тэр бол ирээдүйнхээ төлөө хийж байгаа бидний эерэг хөрөнгө оруулалт юм. Түүнээс бус, цөлжсөн талбай, хомсдсон усны нөөц, устсан ой, бохирдсон агаар үлдээх, өвлүүлэх эрх бидэнд байхгүй. Одоо бүгдээрээ ширгээснээ бус, сэргээснийхээ тоог хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарч, зүтгэл гаргаж ажиллах ёстой. Ухая, олборлоё гэж байгаа хэсэг нь унаган төрхөөр нь эргэж сэргээх төсөвтэй, төлөвөлөгөөтэй, хамгийн гол нь сэтгэлтэй байхыг шаардаж ажиллая. Өөрөөр хэлбэл, хамгаалагдсан байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн хослол бол манай Засгийн газрын бодлого, баримталж ажиллах үндсэн зарчим байх болно гэдгийг хэлье.
Монгол эх орныхоо газар шороо, байгаль орчныг ариун төрхөөр нь хадгалан хамгаалж хойч үедээ өвлүүлэх эрхэм үйлсийг тэргүүлэх үүрэгтэй Та бүхний амьдралд аз жаргал, ажилд амжилт хүсье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 21
Д.Дамба-Очир: Хүнийг тодорхой хугацаанд ажиллуулчихаад цалин өгдөггүйг таслан зогсооно
-
2017 оны 4 сарын 21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав.
-
2017 оны 4 сарын 21
О.Баасанхүү: Ц.Нямдорж гуай та Ерөнхийлөгч болгоныг унахаар дандаа бөөрнөөс нь шаадаг зангаа болих хэрэгтэй
-
2017 оны 4 сарын 21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.
-
2017 оны 4 сарын 21
Тэнгэрийн дуу ойртож, Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ улам чангарсаар. Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулах гэж хэрэндээ л дотроо зодоон өрнүүлж, зарим нэг нь намынхаа анхан шатны байгууллагын хүнээс эхлээд хурган дарга, цэрэг нартаа юу хэлж, юу ярихыг нь хүртэл нарийвчлан зааж байгаа сурагтай.
-
2017 оны 4 сарын 21
чуулган
-
2017 оны 4 сарын 20
Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив
-
2017 оны 4 сарын 20
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2017.04.20) Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүмиг хүлээн авч уулзав.
Энэ үеэр Улсын Их Хурлаас 2016 онд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны бодлогын баримт бичгийн талаар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) 2016 оны аравдугаар сараас 2017 оны хоёрдугаар сарын хооронд хэрэгжүүлсэн “Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, улсын хөрөнгө оруулалтын салбарын суурь судалгаа”-ны эцсийн тайланг Байнгын хорооны дарга Н.Энхболдод гардуулан өглөө.
Ноён Сато Мүцүми энэхүү суурь судалгааны эцсийн тайлангын зорилгын талаар мэдээлэл өгөөд, судалгааны үр дүнд дунд хугацааны хөгжлийн бодлого, улсын төсөвтэй холбогдох өнөөгийн асуудлуудыг тодорхойлсон байна. Түүнчлэн улсын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөгжлийн төсөл хэрэгжүүлэх мөчлөгийн бүхий л үе шатны асуудлыг тодорхойлж өгөөд УИХ, Засгийн газрын үүрэг, хариуцлага, чадавхид дүгнэлт хийж, хяналтын тогтолцоог бий болгоход тулгарч буй асуудлын талаар танилцууллаа. Судалгааг хийхэд дэмжлэг үзүүлсэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба, бүх яамд болон Үндэсний хөгжлийн газрын хамт олонд талархал илэрхийлсэн юм.
Байнгын хорооны дарга Н.Энхболд “Монгол Улсын урт хугацааны төлөвлөлт, бодлого замбараагүй явж ирсэн. Хэдийгээр УИХ-аас хууль, тогтоол баталдаг ч түүнийгээ тууштай мөрдөж, хэрэгжүүлж чаддаггүй. Үндэсний хөгжлийн газар статусынхаа хувьд УИХ, Засгийн газар, яамдын хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байгаа” гээд цаашид “Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, улсын хөрөнгө оруулалтын салбарын суурь судалгаа”-г хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг авч ЖАЙКА-тай хамтран ажиллах болно гэлээ. Мөн урт хугацааны хөгжлийн бодлогыг төлөвлөдөг, хэрэгжүүлдэг механизмыг хуульчлах тал дээр зөвлөгөө авч, энэхүү тайланг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болно гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 4 сарын 20
С.Бямбацогт: Прокурорын шийдвэр гаргах үйл ажиллагаанд дарамт, нөлөөлөл үзүүлж байгаа бол мэдүүлэг гаргана
-
2017 оны 4 сарын 20
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2017.04.20/ хуралдан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Уг хуулийн төсөлд цагаар ажиллах буюу тодорхой ажлыг гүйцэтгэж, зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажпын хөлсөө шууд авдаг байх, туршилтын болон дагалдан ажиллуулах хугацааг 3 сараас илүүгүй байхаар хөдөлмөрийн гэрээнд тусгах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулахаар тусгасан юм.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал гаргах гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 20
Ж.Эрдэнэбат: Элэгний С вирусын өвчлөлийг бүрэн устгахын тулд Засгийн газар бодлогоор дэмжинэ
-
2017 оны 4 сарын 20
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комисс 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хуралдлаа.
Хуралдаанаар гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс байгуулав.
Хуулийн дагуу Төв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч гэсэн орон тоогоор, нийт гурваас долоо хүний бүрэлдэхүүнтэйгээр дипломат төлөөлөгчийн газрын дэргэд ийнхүү байгууллаа.
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдаж байна.
Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2017 оны 06 дугаар сарын 10-11-ний өдөр авахаар Улсын Их Хурал тогтоосон юм гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2017 оны 4 сарын 20
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.
-
2017 оны 4 сарын 20
Бид хэзээ нэгэн цагт барьцаа хөрөнгөө бариад санхүүжилт авах нь тодорхой
-
2017 оны 4 сарын 20
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
-
2017 оны 4 сарын 20
МАН-ын Засгийн газраа огцруулах гээд завгүй, харин Ерөнхий сайд нь ОУВС-гийнхний өмнө амлалтаа биелүүлчих гээд тавгүй л суугаа бололтой. Учир нь эрх баригчид мэргэжлийн гэх тодотголтой Засгаа унагахаар мэргэшсэн аргаа хэрэглэж, хэдэн талаас нь хэмлэж, хэрэгтэй хэрэггүй шалтаг тооцсоор сууна.
-
2017 оны 4 сарын 20
Шороон шуурга шуурахыг анхааруулж байна
-
2017 оны 4 сарын 20
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар:
-
2017 оны 4 сарын 19
Зээлийн хэлэлцээрүүдийг дэмжив
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”, “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов.
“Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засаг хүндрэлтэй үед эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөх зорилготой юм.
Эхний хөтөлбөрийг 2015-2016 онд амжилттай хэрэгжүүлсэн хэдий ч эдийн засгийн өсөлт саарч, макро эдийн засгийн хүндрэл, хуримтлагдсан өр, төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийн дарамтуудыг даван туулах шаардлагатай болсон. Энэ үүднээс Засгийн газар Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэгтэй хамтран ажиллаж байна.
Энэ удаа Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын зээлээр бодлогын 19 арга хэмжээг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм.
Банкны салбарт 100 сая ам.долларын санхүүжилттэй хөтөлбөр хэрэгжүүлнэ
Банкны зээлийн эргэн төлөлт доголдож, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэнээр зээлдэгчдийг санхүүжүүлсэн банкны төлбөрийн чадвар алдагдах, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаа доголдох бодит эрсдэл үүсдэг. Энэ бүхнээс үүдэн Засгийн газар банкны салбарт бүтцийн шинэчлэл хийж, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нь.
Хөтөлбөрийн хүрээнд чанаргүй зээлийг шийдвэрлэх активын удирдлагын компани байгуулах, банкнуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоо нэвтрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах, банкны хяналт шалгалтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зэрэг бодлогын 12 арга хэмжээ авах юм.
Банкны чанаргүй зээлийн үлдэгдэл өсч, 2016 оны байдлаар эргэн доголдолтой зээл нийт зээлийн 14.2 хувь буюу 1.7 их наяд төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь өнгөрсөн оны эцэст өнгөрсөн зургаан жилийн хугацааны хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт өөрчлөлт оруулахыг дэмжив
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо.
Нэг тэрбум ам.доллар хүртэл хэмжээний зээлийг БНХАУ олгох бөгөөд энэ зээлээр дэд бүтэц болон бусад салбарт төсөл хэрэгжүүлнэ. Зээлдэгч талын хүсэлт гаргаснаар зээлээр төслийн гэрээ тус бүрийн үнийн дүнгийн 95 хувийг санхүүжүүлэх зорилгоор ашиглана. Хэрэв төслийн гэрээнд төлөвлөх, худалдан авах ажиллагаа болон барилгын ажил тусгагдсан бол үүнийг зээлдүүлэгчийн санхүүжүүлэх хэмжээнд оруулж тооцно гэсэн утга бүхий нэмэлт өөрчлөлт хийхээр төлөвлөсөн байна.
БНХАУ-аас 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь долоон жил, зээлийн санхүүжилт 85 хувь, Засгийн газрын санхүүжилт 15 хувь байх зээл авах тухай ерөнхий хэлэлцээрийг талууд 2015 оны 11 дүгээр сард байгуулж, мөн сард УИХ соёрхон баталсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.