УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын Б.Жавхлан нарын 26 гишүүний өргөн барьсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин- Гадаадын банк оруулж ирээд, тэр нь том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх гэдэг нь нэг зорилго нь юм шиг байна. Том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр том барьцаа л шаардагдана. Эцэст нь Монголын ашигт малтмалын лиценз гадаадынх болох юм биш биз дээ. Нөгөө талдаа Монголын жижиг, дунд үйлдвэрлэл яах вэ. Мөн валютын ханшийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлнө гэсэн байна. Яг яаж нөлөөлөх талаар судалгаа байна уу.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан- Манай банкуудын өөрийн хөрөнгийн 20 хувь нь 100 тэрбумаас давдаггүй юм. Гадаадын хөрөнгө оруулалттай банкууд жижиг дунд үйлдвэрлэл рүү хэрхэн орох вэ гэдэг асуудал байна. Гадаадын банк шууд жижиг дунд үйлдвэрлэл рүү орвол дотоодын банкуудад өрсөлдөөний хүндрэл үүснэ. Валютын ханшийн хувьд тодорхой төвшин зааж, тэр рүү явах нь буруу. Харин тогвортой байлгах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг банкны системээр дамжуулж оруулж ирэх нь Төв банкны валютын ханшид эерэгээр нөлөөлнө. Барьцаа хөрөнгийн талаар ярьдаг. Бид барьцаа хөрөнгөө бариад гадаадад очоод зээл авах уу, эсвэл дотоодод бүртгэлтэй, Төв банкны хяналттай, шүүх хуулийн байгууллага нь тодорхой орчинд үйл ажиллагаа явуулах уу гэдэг асуудлыг зохицуулах гээд байгаа юм. Бид хэзээ нэгэн цагт барьцаа хөрөнгөө бариад санхүүжилт авах нь тодорхой шүү дээ.
УИХ-ын гишүүн Х.Баделхан- Хуулийн төсөлд тухайн банк төлөөлөгчийн газраа байгуулаад нэг жил ажилласны дараа банкны салбараа байгуулна гэсэн байна. Энэ ямар учиртай юм бэ. Дүрмийн сангийн талаар?
УИХ-ын гишүүн Б.Жавхлан- Дүрмийн сангийн хувьд 500 тэрбум төгрөг гэсэн байгаа. Энэ бол санамсаргүй тоо биш. Дотоодын банкны дүрмийн сан 100 тэрбумаас давдаггүй. Тийм учраас дотоодын банкуудаас илүү хөрөнгө оруулах эрсдэл хүлээх үүднээс дор хаяж 500 тэрбум төгрөг гэж зааж өгсөн.
Ажлын хэсэг- Төлөөлөгчийн газрын нэг жилийн хугацаа гэдэг бол нэгдүгээрт, тухайн банк Монголын зах зээлийг судлах хугацаа, мөн Төв банк тухайн банкны үйл ажиллагааг энэ хугацаанд судална гэсэн үг юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн- Манайх шиг жижиг эдийн засагтай орон зөндөө бий. Тэнд гадны банкууд байгаад л байна. Харин манайхан гадаадын банк орж ирээд бөөн юм болно гэж яриад байх юм. Бид эдийн засгийн орчноо өргөтгөх хэрэгтэй. Бидэнд маш олон боломж бий.
Сэтгэгдэл (3)