Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох агсны нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн БТСГ-ын Спортын ордонд болов.
Тэмцээнд 15 аймаг, таван дүүргийн нийт 350 хүүхэд багачууд зургаан насны ангилалд өрсөлдөхөд багийн нийлбэр дүнгээр П.Ганхуяг дасгалжуулагчтай Баянхонгор аймаг тэргүүлж, С.Банзрагч дасгалжуулагчтай Увс аймаг, Б.Сүхбаатар дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг удаалав.
Тэмцээний 10 насанд Б.Бизьяа (Баянхонгор), 11 насанд Ц.Хишигбаяр (Баянхонгор аймаг), 12 насанд Д.Алтан-Эрдэнэ (Өмнөговь аймаг), 13 насанд Г.Баттогтох (Увс аймаг), 14 насанд Н.Эрхэмбаяр (Сэлэнгэ аймаг), 15 насанд Д.Мөнхтөгс (Сэлэнгэ аймаг) түрүүлжээ.
Нэрэмжит барилдааны эзэн дархан аварга Д.Цэрэнтогтох нь 1972 оны Улсын баяр наадмаар зургаа давж улсын начин, 1977 онд улсын заан, 1978 онд улсын арслан, 1979 онд улсын аварга (үзүүрлэсэн), 1980 онд даян аварга, 1981 онд дархан аварга (үзүүрлэсэн) цол хүртсэн ба 1983, 1984 оны наадмуудад түрүүлж, тавантаа үзүүрлэсэн энгүй хүчтэн байв.
Д.Цэрэнтогтох аварга үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн спортоор “Москва-1980” зуны олимпын наадамд шагналт тавдугаар байр эзэлж, “Тегран-1974” Азийн зуны спортын наадмаас алт, “Шинэ Дели-1982” наадмаас мөнгөн медаль хүртсэн нэрт бөх юм.
Л.Баяр