Японы аврах албаныхан нэгэн уулчныг өнгөрсөн долоо хоногт "Фүжи" уулын энгэрээс хоёр удаа аварсан хачирхалтай үйл явдал болжээ.
Шизүока мужийн цагдаа нар даваа гарагт мэдээлснээр, 27 настай залууг анх мягмар гарагт тус уулнаас аварсан байна. Тухайн үед уулчны биеийн байдал тааруу байжээ. Улмаар түүнийг өнгөрсөн бямба гарагт ууланд буцаж ирээд орхисон эд зүйлс, тэр дундаа гар утсаа авахаар ирэхэд нь дахин аврах шаардлагатай болсон аж.
Мягмар гарагт Японд амьдардаг Хятадын коллежийн оюутан уулчин өндрийн өвчин тусахаасаа өмнө 3,776 метрийн оргилд хүрчээ. Бямба гарагт тэр эд зүйлээ авахаар дахин ирэхдээ бие нь муудсан байна. Энэ үед түүнийг 3000 метрийн өндрөөс аварсан гэнэ. Түүний амь насанд аюул учраагүй гэж цагдаа нар мэдэгдэв.
Уг оюутан 7-р сарын 10-наас 9-р сарын 10 хүртэл үргэлжлэх албан ёсны авиралтын улирлын дүрмийг зөрчин Японы хамгийн алдартай уг ууланд авиралт хийсэн. "Фүжи" уулын албан ёсны вэб сайтад мэдээлснээр, оргилд хүрэх бүх замууд хаагдсан бөгөөд ихэнх замын тэмдгүүдийг устгасан. Бүх овоохой, бие засах газар, эмнэлгийн анхны тусламжийн цэгүүд хоригийн улмаас хаагдсан байна.
Хүн амын хэт ачаалал болон бусад асуудлууд нь Фүжи уулыг хуваалцдаг Шизүока, Яманаши мужуудын албаны хүмүүсийг 2025 оны авиралтын улирлаас өмнө шинэ дүрэм журам гаргахад хүргэжээ. Гуравдугаар сард зарласан арга хэмжээнд авирах зөвшөөрөл авахын тулд 4000 иен (28 ам.доллар) төлөх шаардлагатай. Мөн ууланд өдөрт 4000 хүн очихоор хязгаар тогтоосон тул уулчид онлайнаар эрхээ авах шаардлагатай болно.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)