(Дурсамж)
2009 оны 01 дүгээр сарын 9-нд Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдож байхад манай улсын эдийн засгийн хямрал хурцдаж байв. Төгрөг өдрөөс өдөрт сулран амьжиргаа, бизнест хүндээр тусч эхэлсэн байлаа. Улс төр, засаглалын аль ч хүрээнд нөхцөл байдлыг гүйцэд үнэлээгүй, даван туулах арга зам тодорхой бус байв. Анодбанк ХК дампуурсны дээр, мөнгөний бодлогыг сулруулах шаардлагатай атал Монголбанк чангатгав гэсэн шүүмжлэл их байлаа. Их хурал дээр намайг томилогдох үед олонхи гишүүд, ялангуяа ардчилсан намын бүлгийнхэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг шаардаж, ам өчиг авахдаа хүрч байсан.
Гэвч нөхцөл байдал эсрэгээрээ дэлхийн эдийн засгийн хямралын нөлөө мэдээж байсан ч улс болгон манайх шиг хүнд байдалд ороогүй. 2006-2008 онд төсөв, мөнгөний бодлогын мөчлөг дагасан тэлэлт явагдсан нь манайд тийнхүү хүндээр тусах үндсэн нөхцөл болсон байдаг. 32 хувьд хүрсэн өндөр инфляци, төгрөгийн сулрал, хөрөнгийн эх үүсвэрийн дутагдлаар хямралт байдал илрэн гүнзгийрч байв.
Миний хувьд 2008 оны 6 сараас хойш ажилгүй сууж, үйл явдлын хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас хэтрээгүй байв. Уг ажил ч шинэ сэргэг байв. Эдийн засаг, банкны салбарт үүссэн хямралт байдлыг гүнзгий судалж гарах арга замыг тодорхойлон хэрэгжүүлэх хүндхэн зорилттой шууд тулгарлаа. Хугацаа өдөр, хоногоор тоологдож эхлэв.
Их хурал, Засгийн газрын хэмжээнд ч эрэл судалгаа өрнөж, Олон улсын валютын сангийнхантай хэлэлцээр эхлүүлэн, мөн гаднаас хөрөнгийн эх үүсвэр хайсан ч олдох төлөвгүй байв. Тийм учраас Сангийн сайд С.Баярцогт бид хоёр Олон улсын валютын сантай Станд бай хөтөлбөрийн хэлэлцээр хийж, Засгийн газрын хэмжээнд тохирч хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн бөгөөд тухайн үед үүнээс өөр сонголт байгаагүй юм. Тэгээд ч бид алдаагүй билээ. Ийнхүү 2009 оны 3 сарын эхээр бидний явах чиглэл тодорч, хэрэгжүүлэх ажилдаа орсон. Төгрөгийн сулралыг зогсоох, валютын нөөцийг цаашид алдахгүй байх нь эхний амин чухал зорилт байв. 1.9 тэрбум ам.долларт хүрч байсан валютын нөөц 700.0 орчим сая ам.долларт хүрч бараг 3 дахин буурсан байлаа.
Шийдвэртэй хөдлөх хэрэгтэй байсан тул 2009 оны 3 дугаар сарын 19-нд Монголбанкны бодлогын хүүг 4.25 хувиар өсгөн 14 хувиар тогтоов. Мөн сарын 20-ны өдөр Монголбанк валютын захад зөвхөн дуудлага худалдаагаар оролцож байхаар шийдвэрлэв.
Аль аль нь эрс шийдэмгий эргэлтийн чанартай арга хэмжээ байлаа. Үр нөлөө нь ч түргэн гарч, хямралын явцыг эргүүлж чадсан түүхтэй. Монголбанк 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2 дахь дуудлага худалдаанаас эхлээд захад валют нийлүүлэх бус, харин худалдан авч, валютын нөөцөө нэмэгдүүлж эхэлсэн юм. Өдөр тутам дээш цогин 1575 төгрөгт хүрч байсан албан ханш 4 дүгээр сарын эцэс гэхэд 1400 төгрөг орчимд, 1700 давж байсан албан бус ханш албан ханшид ойртон тогтворжсон.
Төгрөгт итгэх итгэл сэргэж, амьжиргаа, бизнесийн бүх хүрээнд гэрэл тусч эхэлсэн бөгөөд төд удалгүй Монголоос хөрөнгө гадагшлах явдал зогсч, харилцах хадгаламж сэргэх хандлагатай болов. Төсвийг эдийн засгийн чадамжинд тохируулан хянаж тогтоосноор макро зохицуулалт уялдан нэг чиглэлд үйлчилж, хямралыг богино хугацаанд гэтлэн давах нөхцөл бүрдсэн учиртай.
Хямралын өрнөлийг зогсоохтой зэрэгцэн Монголбанк бодлогоо эдийн засгийн уналт, агшилтыг сааруулах, цаашдын сэргэлтийг тэтгэхэд чиглүүлэх боломж бий болгосон юм. Бодлогын хүүгээ 2009 оны 5 сарын эхнээс бараг 4 удаа бууруулан 9 сарын эцэст 10 хувьд хүргэв. Энэ арга хэмжээ нь хямралын явцад эргэлтийн чанартай өөрчлөлт гарсныг нийтэд мэдээлэх, зээлийн тасалдлыг зогсоон, олголтыг нэмэгдүүлэн эдийн засгийн уналт, агшилтыг зогсоож, сэргэлтийг эхлүүлэхэд чиглэгдэж байлаа.
Үр дүн ч гарч 2010 онд мөнгөний нийлүүлэлт 62.5 хувиар, зээлийн үлдэгдэл 23 хувиар өсч, 2009 онд 1.3 хувиар агшсан эдийн засаг 2010 онд 6.1 хувиар өсөх нэг үндсэн хүчин зүйл нь болсон юм. Бид шуурхай шийдвэртэй ажиллан хямралыг ийнхүү гэтэлж өсөлт өөд шамдаж эхэлсэн байхад дэлхий өнөөдөр ч хямралаас гарч амжаагүй л байна.
2010 онд гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэн нийт эдийн засаг, банкны салбарын түргэн өсөлтийг тэтгэн Монголыг дэлхий харж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг өөрийн зүг татаж байлаа. Харамсалтай нь энэ байдал тийм ч удаан үргэлжлээгүй.
Нөхцөл байдал сайжирч эхэлмэгц өчигдрийн хүндрэлийг ор тас мартаад эрх барьж байсан эвсэл манай эдийн засгийн чадамжаас давсан бэлэн мөнгөний амлалтаа биелүүлэхээр зүтгэж, төсөв дахиад л мөчлөг даган тэлж, энэ үйл явдал 2012 оны сонгууль хүртэл улам хүчээ аван сэдэрч, өнөөдөр ч дүрсээ өөрчлөн үргэлжилсээр дараагийн хүнд сорилт, бэрхшээлтэй тулаад байна.
Эдийн засгийн халалтыг саармагжуулах, эрэлтийн болон нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг хазаарлан барих замаар богино хугацааны өндөр өсөлтийг дунд хугацааны уналт болгочихгүй байхаас өөр бодлогын сонголт Монголбанкинд үлдээгүй юм. 2009 онд 4.9 хувь хүрч буурсан инфляци 2010 оны эхнээс дахин сэргэж эхэлсэн. Мөнгөний бодлогыг сулруулж эхэлсэн нэг жилийн ой тохиож байсан 2010 оны 5 дугаар сарын 10-аас эхлэн 2012 оны 3 дугаар улирал хүртэлх хугацаанд Монголбанк бодлогын хүүгээ 4 удаа нэмэгдүүлсэн байна. Үүний дээр банкны заавал байлгах нөөцийг өсгөх, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг мөчлөг сөрсөн зохистой харьцааны арга хэрэгслээр дэмжүүлэн зүтгэсний үр дүнд инфляцийг 10 орчим хувьд барьж чадсан юм. Гэхдээ мөнгөний бодлогоор нийт мөнгөний болон зээлийн өсөлтийг хаачихаагүйгээр барахгүй эдгээр онд дээрх үзүүлэлтүүд өндөр өсөлттэй байж, хувийн салбар, эдийн засгийн өсөлтийн нэг гол эх үүсвэр байсаар ирснийг зориуд тэмдэглэх нь зүйд нийцэх билээ. 2008 онд 2.35 их наяд төгрөг байсан нийт мөнгө 2012 оны 2 дугаар улиралд 7.1 их наяд төгрөгт хүрч 3 дахин, зээлийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөг байсан бол 5.9 их наяд төгрөгт хүрч 2.8 дахин өссөн нь үүнийг гэрчилж байна.
Түүнчлэн үндэснийхээ үйлдвэрүүдийг дэмжих зориулалтаар Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах, зээлийн баталгааны хуулийг батлуулах, орон сууцны санхүүжилтийн анхдагч болон хоёрдогч захыг хөгжүүлэх, Засгийн газартай хамтран зээлийн хүүг бууруулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зэрэг бодит эдийн засгийг дэмжих олон ажил хийж байлаа. Төсвийн эх үүсвэрийн улирлын дутагдлыг нөхөхөд зориулан зээл олгож байв. Олон удаагийн яриа хэлэлцээрийн дүнд ийм зээлийн хүүг Монголбанкны бодлогын хүүтэй адил байлгах болж, энэ нь зах зээлийн зарчимд шилжсэн.
Мөнгөний бодлого бүхэлдээ төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэж байлаа. 2010 оны турш аажмаар чангарч байсан төгрөгийн ханш 2011 оны 4 дүгээр сараас суларсаар он дуусгаж, 2012 онд энэ хандлага хадгалагдсаар байсныг мөнгөний бодлогын шийдэл болгонд тусгаж байлаа.
Монголын эдийн засгийн хамгийн эмзэг асуудал бол төлбөрийн тэнцэл, валютын нөөц байсан, байсаар ч байна. Эдийн засгийн тэлэх, эсвэл уналт бууралтыг хязгаарлах ямар ч бодлогын эн тэргүүний шалгуур нь түүний төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөөлөл байсаар ирсэн. Үүнийг арай өөрөөр томъёолбол төгрөгийн ханш суурь нөхцлөө даган тогтож, эдийн засаг өөрийгөө тохируулах механизмыг гажуудуулж болохгүйн дээр ханшийн хэлбэлзлийн учир шалтгааныг зөв тодорхойлон бодлого боловсруулахад соргогоор ашиглаж байх нь амин чухал байсан, байсаар ч байх болно.
Төлбөрийн тэнцлийн статистик өгөгдлийн тоо мэдээг чанаржуулах, богино болон дунд хугацааны таамаглал боловсруулж бодлогод ашиглах талаар бид ихээхэн чармайлт гарган багагүй ахиц гаргаж чадсан билээ.
Монголбанк ханшийн бодлогоо дээрх шаардлагад нийцүүлэн 7 хоногт 2 удаа валютын дуудлага худалдаа явуулан ханшийн огцом хэлбэлзлийг саармагжуулж байлаа. Монголбанкнаас банкуудтай валютын фовард болон төгрөг-долларын, төгрөг-юаны своп хэлэлцээр хийх журмыг анх удаа тогтоон нэвтрүүлсэн нь валютын зах зээлийг өргөтгөх, ханшны эрсдэлээс хамгаалах чухал арга хэрэгсэл болсоор байна.
Хятадын Ардын банктай эхлээд 5.0 тэрбум юантай тэнцэх төгрөг-юаны своп хэлэлцээр байгуулж, улмаар 10.0 тэрбум юаны хэмжээнд хүргэн нэмэгдүүлсэн нь хямрал, хүндрэлийн үед төгрөгийн сулралын эрсдэлийг багасгах түүхэн том алхам болсон билээ. 2012 оны Улсын их хурлын сонгуулиар эрх барьж байсан эвслийн амлалтын хугацаа дуусч, Монгол улс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа жинхэнэ ёсоор хэрэгжүүлж, ингэснээр төсөв зохистой хэмжээгээр тогтворжиж мөнгөний бодлого төсвийн зүй бус тэлэлтийн гаж нөлөөг саармагжуулах жам ёсноос гажсан ачааллаасаа салж өөрийн урсгалдаа орох байх гэсэн итгэл, хүлээлт бидэнд байсан. 2013 онд өмнөх жилүүдэд иргэдэд олгож байсан бэлэн мөнгөний урсгал татарч, тэгснээр эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд мөнгөний бодлогыг сулруулах боломж шаардлага бий болох төлөвтэй байсан.
Нөгөө талаар 2011 оноос эхэлсэн төгрөгийн сулралын дарамт байсаар байсны дээр сонгуулийн өмнөхөн баталсан Гадаадын хөрөнгө оруулалтыг бүртгэх, зөвшөөрөл олгох хуулиар тэртэй тэргүй татарч байсан гадаадын хөрөнгө оруулалтыг улам ч ширгээх эрсдэл дагуулж байгаа нь илт байв.
Монголбанкны ерөнхийлөгчийн ажлаас чөлөөлөгдөх үед Монголбанкны өмнө мөнгөний бодлогоор эдийн засгийн өсөлтийг хадгалан дэмжих, тэгэхдээ төгрөгийн тогтвортой байдлыг хангах, валютын нөөцийн хомсдолд орохгүй байх хоёрдмол зорилт тулгарч ирсэн байлаа.
2012 оны дундаас бодлогын хүүг бууруулах асуудлыг 2 удаа авч хэлэлцээд дээрх шаардлагуудыг нарийвчлан судалж эрэмблэх, шинэ Засгийн газрын ааш араншинг ажиглахаар хойшлуулсан. Дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг сайтар тандах шаардлага ч бас байсан билээ.
Энэ бяцхан дурсамжийн мөнгөний бодлогын хэсгийг дараах байдлаар төгсгөе гэж бодож байна. 2007 онд эхэлсэн эдийн засгийн хямралаас дэлхий өнөөдөр ч бүрэн гарч чадаагүй байна. Хөгжингүй ертөнцөд анхны нааштай шинж илэрч байгаа хэдий ч хөгжиж буй ертөнцөд байдал зарим талаар муудаж байна. Дэлхий ийнхүү 8 жил хямралтай хэвээр байхад Монгол улс эдийн засгаа 2010 он гэхэд тогтворжуулж, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татан 2011 онд 17.6 хувийн өсөлтөд хүрч чадсан нь хямралын нөхцөл байдлыг зөв үнэлж макро оновчтой бодлого явуулсны үр өгөөж билээ.
Гэвч эдийн засаг сэргэж эхэлмэгц улс төрийн амлалтын золиосонд дахин өртөж урт хугацаанд тогтвортой хөгжих боломжоо алдаж эхэлсэн. Эдийн засгийн өсөлт өндөр байсан боловч маш их халалттай байв. Гадаадын хөрөнгө оруулалтын урсгалын дийлэнхийг бэлэн мөнгөний тараалтаар нөхцөлдсөн хэрэглээний импортын өсөлт залгиж, туйлшрал, бодлогын алдааны улмаас татарч эхэлсэн юм.
Ийм нөхцөл байдалд Монголбанкны хараат бус бие даасан байдал-мандат чухал үүрэгтэй байсныг зориуд тэмдэглэх нь сургамжтай. Тухайн үеийн төрийн мөнгөний бодлого хямралыг даван туулж, эдийн засгийн өндөр өсөлтийг тэтгэхийн сацуу төсвийн хэт тэлэлтээр нөхцөлдсөн халалтыг саармагжуулан, инфляцийн хөөрөгдлийг хазаарлаж, Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэн үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хамгаалж чадсаныг бүрэн итгэлтэйгээр дурсах нь надад болон надтай хамт ажиллаж байсан Монголбанкны хамт олонд сайхан байдаг билээ. 2009 онд 1.3 хувиар агшсан эдийн засаг 2010 онд 6.1, 2011 онд 17.3 хувиар өссөн байна. Улсын валютын нөөц 2.9 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш 1300 төгрөг орчимд тогтвортой байсан.
Хямрал банкны салбарт бүр ч хүнд туссан юм. Улсын их хурлаас Хадгаламжийн даатгалын хуулийг батлан гаргаж, Монголбанкнаас банкуудын эх үүсвэрийн хомсдолыг давах чиглэлээр нэлээд ажил хийсэн байв. Өмнө гарсан чиглэлийн дагуу Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг шаардлага хангасан банкуудад байршуулах, банкны зохистой харьцааны заримүзүүлэлтийг сулруулах зэрэг шийдвэр гаргаж байлаа.
Зоосбанк ХК төлбөрийн чадвараа бүрэн алдсан учир татан буулгагдав. Ийнхүү хэдхэн үгэнд багтааж хэлэхэд хялбар ч тухайн үед амар байгаагүй тал талын дарамт шахалттай байсан нь одоо ч санаанд тод байсаар. Тэгээд ч өөр арга байгаагүй, ингэж шийдвэрлэх нь салбарыг бүхэлд нь эрүүлжүүлэх, санхүүгийн зах зээлийг тогтворжуулах чухал ач холбогдолтой байлаа. Бүх хувилбарыг Засгийн газартай хамтран судалж, Төрийн банк байгуулан, харилцах хадгаламжийг сайн зээлийн хамт шилжүүлэх нь төрөөс гаргах зардлыг багасгах, харилцагчдад чирэгдэл багатай байх шийдэл байсан юм. Манай банкны салбар дээрх хугацаанд Дунд хэмжээний хоёр ч банкаа алдсан нь хэрхэвч мартаж болохгүй, давтаж болохгүй сургамж билээ.
Хямралын сургамж, цаашид банкны салбарыг чадваржуулан бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах шаардлагад үндэслэн Төв банк(Монголбанк)-ны тухай хуулинд өөрчлөлт оруулан Банкны тухай хуулийг шинэчлэн найруулж Улсын их хурлаар батлууллаа.
Банкны салбарт үүссэн хямралын үр дагаврыг гүйцэд арилган чадваржуулах нь салбарын төдийгүй эдийн засгийн сэргэлт өсөлтөд нэн чухал байв. Тийм учраас банкны төлбөрийн чадварыг дээшлүүлэх шаардлагыг тавьж, шаардлагатайд нь төрөөс санхүүгийн эх үүсвэрээр дэмжлэг үзүүлж, 2-3 жилийн дараа буцаан авах, төлж чадахгүй бол банкны хувьцаа болгон хувиргах хөтөлбөрийг боловсруулан Их хуралд өргөн барьсан боловч дэмжигдээгүй.
Төлбөрийн чадварын болон хямралын бусад хор уршгийг арилгах даалгавар, чиглэлийг банкуудад өгч, хянан хэрэгжүүлэх ажлын хүрээнд 3 банкинд дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэн, биелэлтийг улирал тутам дүгнэж банкны эзэд, гүйцэтгэх удирдлагыг нь Төв банкны зүгээс шахаж ажилласан. Эдгээр банкуудын хоёр нь хөтөлбөрөө хугацаандаа амжилттай хэрэгжүүлж, харин Хадгаламж банк хөтөлбөрийг хэрэгжүүлж чадаагүй учир татан буугдаж, бэлтгэлтэй байсны үр дүнд хохирол донслогоо багатайгаар Төрийн банктай нэгтгэх ажил амжилттай хийгдсэн байна.
Банкны шинэ хуулинд нийцүүлэн хямралаар үүсч бий болсон нөхцөл байдлыг тусган зохистой харьцааны бүх журам, зааврыг шинэчлэн мөрдүүлж, банкны салбарын чадвар сахилгыг бэхжүүлэх, эзэд, хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах болон гүйцэтгэх удирдлагын хариуцлагыг өндөржүүлэх, үйл ажиллагааны ил тод байдлыг дээшлүүлэх арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлж байлаа.
Монголбанкны хяналт, шалгалтын чадавхийг дээшлүүлж бүтцийг нь өөрчлөн боловсон хүчнээр бэхжүүлж, Дэлхийн банктай хамтран сургалт, дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэн, банкинд хийх шалгалтын тоог нэмэгдүүлэн давтамжийг ойртуулж, газар дээрх шалгалтын зэрэгцээгээр тайлан тэнцлийн мэдээнд дүн шилжилгээ хийж зөрчил дутагдлыг арилгуулах, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангуулах ажил тасралтгүй хийгдэж байлаа.
Банкны салбарын хэмжээнд ч, банк тус бүр дээр ч зохистой харьцааны мөчлөг сөрсөн бодлого явуулж, дүрмийн сангийн доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, өөрийн хөрөнгө, түүний дотор нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн хэмжээг өсгөх, заавал байлгах нөөц болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх ажил хийсэн юм. Ингэх нь зөвхөн онолын буюу хэтдээ бэлтгэх ажил байгаагүй тулгамдсан шаардлага, зорилт болон хувирах эрсдэл ажиглагдсаар байсныг тэмдэглэх хэрэгтэй.
Дэлхийн эдийн засаг хаашаа эргэх нь тодорхойгүй, манай дотоодын нөхцөл байдал ч дунд хугацаанд эрсдэлтэй байх төлөв байсаар байсан учраас Монголбанкны хувьд хайр нь дотроо ч хал нь гаднаа байж банкуудад өндөр шаардлага тавьсаар байсан. Тэгээд ч эдгээр он жилүүдэд банкны салбарын эрс өсөлт, бэхжилтийн үе байлаа. Банкны нийт актив 2008 оны эцэст 3.6 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 55 хувь байснаа 2011 оны эцэст 9.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 83.1 хувьд хүрч өсчээ.
Хямралын явцад 163.4 тэрбум төгрөгт хүрч буурсан өөрийн болон түүнтэй адилтгах хөрөнгө 2012 оны 3 дугаар улиралд 1,168.4 тэрбум төгрөгт, зохист харьцаа нь 5.5 хувиас 15.1 хувьд хүрч дээшилсэн байна. Мөн хугацаанд харилцах хадгаламж 2.3 их наяд төгрөгөөс 6.7 их наяд төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 34-60.4 хувь болж өссөн байна. Эдгээр тоо баримт тэр богино хугацаанд банкны салбарын үндсэн үзүүлэлтүүд хувиар биш харин 3-11 дахин өссөнийг гэрчилж байгаа юм.
Түүнчлэн Хадгаламжийн даатгалын хуулийг дэлхийн туршлага, өөрийн орны онцлогт тохируулан боловсруулж, Улсын их хуралд өргөн барьж, мөнгө угаах терроризмтай тэмцэх чиглэлийн хууль тогтоомжийг олон улсын байгууллагын шаардлага, жишигт нийцүүлэн боловсруулах ажлыг хийсэн.
Хямралын үед ч Монгол улсын төлбөр тооцооны тогтолцоо найдвартай ажиллаж, төлбөр тооцоо хийгдсэн тухайн цаг мөчдөө банк хооронд шилждэг бодит цагийн горимд их болон бага дүнтэй гүйлгээг ээлж дараалан хамруулах, карт эзэмшигчид АТМ төхөөрөмж, ПОС, ПОБ терминалаар аль банкныхаас үл хамааран 24 цагийн турш чөлөөтэй төлбөр тооцоо хийх картын нэгдсэн систем үйлчилгээг нэвтрүүлэх, виза болон Чайна юнион пэй(CUP) олон улсын төлбөрийн картын үйлчилгээтэй нэгдсэн гарцтай болох зэрэг томоохон ажлууд хийгдсэн.
Үүний зэрэгцээгээр үндэсний төлбөр тооцооны тогтолцоогоо орчин үеийн технологи- шийдлээр иж бүрэн шинэчлэх судалгааг Өмнөд Солонгос улсын Төлбөр тооцооны төвтэй хамтран хийж, анхны тойм төсөөллийг гарган, улмаар Азийн хөгжлийн банкинд төсөл хэрэгжүүлэх санал тавьж дэмжлэг авсан. Энэ ажил одоо ч үргэлжилсээр байна. Аливаа Төв банкны бодлого шийдлийн үндсэн зорилго нь санхүүгийн болон бизнесийн хүрээ, олон нийтийг итгүүлэн дагуулахад оршдог. Үүнийг дан ганц мөнгөний бодлогын арга хэрэгслээр хийх боломж бас ч хомс. Хамгийн гол нь олон нийт итгэж дагаж байж л тавьсан зорилго нь сайн хангагддаг. Тийм учраас Монголбанк олон нийтэд ил тод байж, бодлого шийдвэрээ хүргэж итгэлийг нь даадаг болохын төлөө их хүч чармайлт гаргаж байлаа. Олон нийттэй харилцах хэлтэс байгуулан хэвлэл, мэдээллийнхэнтэй тогтмол уулзаж, гаргасан шийдвэрээ тайлбарлан хүргэж байх ажлыг бид хийж эхэлж хэвших хандлагандаа орж байсан.
Нөгөө талаар Монголбанк улс төрийн хүрээнд ч, засаглалын хүрээнд ч олон нийтийн дэмжлэг авууштай тохиолдол цөөнгүй гарч байсан. Иргэд илт дэмжиж магтаад байхгүй ч учрыг битүүдээ ойлгосон байдаг нь сайхаан. Тийм ч учраас үндэслэлгүй захиалгат гүтгэлэг, шүүмжлэл дайралт тэгсхийгээд намждаг байлаа.
Хямралыг амжилттай даван туулж, өсөлт хөгжил өөд мацан зүтгэсэн тэр он жилүүдэд надтай гар нийлэн ажиллаж байсан Монголбанкны хамт олон үнэхээр чадалтай гэдгийг би дахин дахин хэлэх дуртай, өнөөдөр ч энэ үгээ давтан хэлж, надад түшиг тулгуур болж байсан та бүхэндээ болон банкны салбарынхандаа салбарын 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Улаанбаатар хот 2014 он
Сэтгэгдэл (9)