Иргэний агаарын тээврийн “Изнис Эйрвиз” компани үйл ажиллагаагаа зогсоосноор Монгол Улсын агаарын тээврийн салбар доголдож эхэлснийг тодорхой харууллаа. Хэдийгээр албан ёсоор дампуурлаа зарлаагүй ч тус компани ойрын 2-3 жилдээ ямарваа нислэгийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөгүй болсон гэнэ. Мөн ажилчиддаа гэнэт халагдсаны тэтгэмжийг хуулийн дагуу олгож эхэлжээ. Зээлийн нөхцөлтэй өөрийн өмчлөлд авсан онгоцнуудаа ч буцаасан байна. Тус компани АНУ-ын худалдаа хөгжлийн агентлагаас санхүүжилт авч SAAB 340-B маркын гурван онгоц, Avro RJ-85 маркын хоёр онгоцоор дотоодын 14 чиглэлд олон улсын хоёр чиглэлд нислэг үйлдэж байсан юм. Тэр ч бүү хэл Японы нэр хүндтэй ANA компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан анхны авиа компани болсон нь саяхан. 2006 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тавхан жилийн дотор дотоодын нислэгийн 75 хувийг дангаараа үйлддэг болтолоо тэлж нийт 360 орчим ажилтан албан хаагчдыг ажлын байраар хангаж байлаа. Харин өнөөдөр иргэний агаарын тээврийн 360 ажилтан ажилгүйчүүдийн эгнээнд шилжих боллоо. Дотоодын тээврийн аварга компани дампуурч байгаа нь Монголын эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн муудсаныг гадныханд харуулах муу мессеж болж байна.
“Изнис эйрвиз” компани Монгол Улсад дотоодын нислэг үйлдэж эхэлснээр иргэний агаарын тээврийн салбарт зохих ёсны хувь нэмрээ оруулсан. Гэвч ямагт төрийн өмчит “МИАТ” компаний дарамт хавчлаганд ажиллаж ирсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тодруулбал Улаанбаатар-Эрээн чиглэлийн нислэгийн судалгаа, холбогдох яриа хэлэлцээрийг “Изнис эйрвиз” компани санаачилж Хятадын талтай тохиролцсон гэдэг. Гэтэл МИАТ компани төрийн монополь байдлаа ашиглаж Эрээний засаг захиргаанаас Изнисийн хуваарьт нислэгт хориг тавиулсан байдаг. Тус компани энэ чиглэлийн нислэгийг харьцангуй хямд үнээр олон давтамжтайгаар үйлдэх боломжтой гэж байсан ч “МИАТ” компани Эрээнрүү ниснэ гэсээр ашигтай чиглэлийг нь булааж авсан юм. Ингээд “МИАТ”-ынхан Эрээнрүү нэг, хоёр удаа нислэг үйлдээд л зогссон. Өөрсдөө хийсэн юм байхгүй. Өрөөлийг хийлгэсэн юмгүй. Ер нь “МИАТ” компани нислэгийн бүхий л ашигтай чиглэлүүдийг төрийн монополиор өөртөө авдаг. Иргэний нисэхийн давуу байдлаа ашиглаж хувийн авиа компаниудыг элдэв шалгалт, хяналтаар дарамтуулдаг гэдгийг зөвхөн “Изнис” төдийгүй бусад компанийхан ч хэлдэг билээ. Тэгсэн хэрнээ өөрсдөө ашигтай ажиллаад хөгжиж дэвшсэн зүйл байхгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр АНУ-аас онгоц худалдан авсан ч нислэгийн чанар үйлчилгээ дорвитой сайжирсан зүйл үгүй. Харин хувийн авиа компаниуд өөрсдийн хөрөнгөөр онгоц худалдан авч, нислэгийн шинэ чиглэл нээж ажиллаж байсан ч төрийн “үхдэггүй сэхдэггүй” “МИАТ” гэгч баатрын сүүдэрт ямагт дарлагдаж ирсэн юм.
Өөр нэг шалтгааныг “Монголиан Эйрлэнс” буюу өнөөдрийн “Хүннү Эйр”-тай холбон тайлбарлаж байна. Тус компани анх байгуулагдсан цагаасаа л эхэлж хэл ам дагуулсан. Үндэсний авиа компаний нэр, түүхийг хүртэл хуваалцах болсон нь төрийн өмчит “МИАТ” ХК-г дампууруулж өөртөө нэгтгэх гэсэн санаатай байсан уу гэсэн хардлагын төрүүлдэг. Компаний удирдлагууд нь “МИАТ”-ын хэрэгт холбогдож ял шийтгэл аваад явсан. Тус компанийг дотоодын чиглэлд нислэг үйлдэж эхлэхэд тухайн үеийн зам тээврийн сайд Х.Баттулга улстөрийн арга хэрэгслээр хамгаалж давуу эрх олгох болсон гэдэг. Мөн өнөөдрийн зам тээврийн сайд А.Гансүх ч тус компанитай нэр холбогдох нь бий. Төрийн монополь компианаас гадна улстөрийн дэмжлэгтэй компани дотоодын нислэгийн чиглэлүүдийг нь булаалдах болж “Изнис Аэрвиз” дотоодын 5 чиглэл, олон улсын 1 чиглэлтэй хоцорсон гэдэг. Энэ бүхнийг үнэ, чанараар өрсөлдсөн бизнесийн цэвэр өрсөлдөөн байгаагүй гэдгийг эх сурвалж онцолж байна.
Нэг талаас төрийн монополь, улстөр бизнесийн шударга бус хуйвалдаан тэдний орон зайг ийнхүү булаасан бол нөгөө талаасаа иргэний агаарын тээврийн салбар нийтдээ хүнд байдалд ороод байгаа аж. Зөвхөн “Изнис эйрвиз” компани ч биш “Аэро Монголия” “Хүнүү Эйр” зэрэг компаниуд ч санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаа аж. Санхүү муудвал дагаад нислэгийн техник үйлчилгээ, аюулгүй ажиллагаанд зарцуулж байсан төсөв хөрөнгө танагдаж, зорчигдын аюулгүй байдалд эрсдэл учирдаг. “Изнис эйрвизийн” хувьд сүүлийн хоёр жил алдагдалтай ажилласны улмаас цаашид алдагдлаа санхүүжүүлэх боломжгүй болж ийнхүү дампуурлаа зарлахад хүрээд байна.
Улс орны эдийн засгийн байдал хүндэрч, гадаадын хөрөнгө оруулалт буурснаар манай орны гадаад, дотоод нислэгийн тоо давтамж ч багасч эхэлжээ. Эдийн засгийн хямрал тээврийн салбарт томоохон цохилт үзүүлж тэр дундаа иргэний нисэхийн салбарт хүндээр тусч эхэллээ. Энэ оны эхний улирлыг 2013 оны эхний улиралтай харьцуулахад тээврийн салбар уналттай байна. Иргэний нисэхийн салбар ачаа тээвэрлэлт 42 тн-оор, зорчигч тээвэрлэлт 1.1 мянгаар буурч орлого 1 тэрбум төгрөгөөр багассан дүн гарчээ. Уналтын хэмжээ хоёрдугаар улирлын сүүл гэхэд улам өснө гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Агаарын тээврийн салбарт үүсч буй хямрал зөвхөн Изнис компаниар зогсохгүй бололтой.
Сэтгэгдэл (50)