Монгол Улсын Гадаад хэргийг бүгд
эрхлэн шийтгэгч яамны анхны тэргүүн сайд Эрдэнэ дайчин хошой чин ван
Минжиддоржийн Ханддоржийн дурсгалын хөшөөг нээх ёслол өнөөдөр
М.Ханддоржийн өргөөнөө болж өнгөрлөө. Хөшөөг нээх арга хэмжээнд ерөнхий сайд
С.Батболд, ГХЯ-ны сайд Г.Занданшатар, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр болон түүхч, эрдэмтэд
оролцсон юм. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтан хийж буй
олон ажлуудын нэг нь Чин Вангийн хөшөөг босгосон явдал болж байна
хэмээн БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр хэллээ. Тус хөшөөг “Чин Ван
Ханддорж” нийгэмлэгийн санаачлагаар сүүлийн нэг жилийн хугацаанд 160 гаруй сая
төгрөгийн өртөгтэйгээр Монголд хийж дуусгасан байна. Баримлыг барималч Энхтөр
бүтээжээ. Тус хөшөө нь 2 метр 30 см өндөртэй бөгөөд цутгамлын ажлыг 100
хувь монголд хийж гүйцэтгэсэн байна. Хөшөөг бүтээхэд хэрэглэгдэх мөнгийг улсын төсвөөс гаргажээ. Уг арга хэмжээг нээж ГХЯ-ны
сайд Г.Занданшатар үг хэлсэн. Тэрээр "Манай улсын гадаад харилцааны ууган
сайд М.Ханддорж нь гадаад харилцааны алтан аргамжийг таталцаж, орчин цагийн
олон улсын харилцааны үндсийг тавьсан томоохон зүтгэлтэн юм. Тэрээр Монголынхоо
төлөө амь нас, гэр бүл, үр хүүхдээрээ дэнчин тавьж, болохоос нь болохгүйд
хүртэл зүтгэсэн цогт эх оронч хүн юм. М.Ханддорж шинэ тулгар улсаа
хөгжүүлэхэд олон чухал зүйлийг сэдэн бүтээжээ. Тухайлбал 1912-1913 оны заагаар
манай төлөөлөгчдийг тэргүүлэн Хаант орос улсад очиж Монгол туургатныг нэгэн улс
гэр болгохын төлөө улс төр дипломатын аргаар хүчин зүтгэсэн" гэдгийг онцолсон юм.
Т.Хулан