Өнгөрөгч УИХ улс орны эдийн засагт даацтай нөлөө үзүүлэхүйц аварга төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкны тухай хууль баталж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Ингэхдээ ашгийн төлөө бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангасан. Хөгжлийн банк нь үр ашигтай ажиллах зорилгыг тэргүүн эгнээд тавьж Засгийн газраас баталгаа гаргасан төсөл хөтөлбөрүүдийг үр ашигтай хэрэгжүүлэх зорилготой. Гэвч өнөөдөр “Хөгжлийн банк” үүргээ гүйцэтгэх чадамжгүй болжээ. Ингэж дүгнэх хэд хэдэн үндэслэл байна.
Зам тээврийн сайд А.Гансүх “Шинэ төмөр замын төсөлд хөгжлийн банк хөрөнгө оруулалт хийгээгүй” гэж хэвлэлээр мэдэгдсэн. “Шинэ төмөр зам” төсөл нь 1800 км үргэлжлэх 5.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдах аварга төсөл. Тухайн үед салбарыг толгойлж байсан Х.Баттулга сайд төслийн санхүүжилтийн талаар “Ерөнхийдөө концессийн журмаар явна. Орос, Хятад, Солонгосын талууд саналаа өгсөн байгаа” гэж хэлж байсан. Засгийн газар 2010 онд “Монголын төмөр зам” компанийг байгуулж зам барих эрхийг олгосон ч “Хөгжлийн банк” шинэ төмөр замын төсөлд хөрөнгө босгох ажлыг огт хийгээгүй явсаар 2013 онд л 55 сая долларын хөрөнгө оруулжээ. Монгол Улсын эдийн засгийг шинэ эрэмбэнд хүргэх төмөр замын төсөлд “хөгжлийн банк” тун санаачлаггүй ажилласан. Нэгэнт шийдвэр гарч, эрхийг нь өгчихсөн байхад Засгийн газрынхаа аяыг харсан, идэвхгүй байсаар дөрвөн жилийн хугацаа өнгөрч төсөл дорвитой хөдөлсөнгүй. Үүнийг тус банкны үйл ажиллагаанаас салгаж ойлгох үндэснгүй. Гэтэл тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “Шинэ төмөр зам төсөлд 400 сая доллар хэрэгтэй. Үүнээс 200 сая долларыг Чингэс бондоос олгох Засгийн газрын шийдвэр гарсан. Одоо 160 сая гаруй сая долларын санхүүжилт олгоод явж байгаа” гэв. Түүний яриад байгаа 400 сая долларын төсөл бол Тавантолгой-Гашуун сухайтын 267км төмөр зам. Гэтэл мань захирал “Шинэ төмөр замын” төсөлд нийт 400 сая доллар хэрэгтэй гэж ярьж явна. Андуурав уу? Эсвэл огт ойлголтгүй явна уу?. Үүнээс үзэхэд “Хөгжлийн банк” шинэ төмөр зам төсөлд цаашид ч ахиц гаргах удирдлага, санаачлагын чадамжгүй нь харагдаж байна.
Засгийн газар үйлдвэржилтийг дэмжих зорилгоор 30 тэрбум иений “самурай” бондыг Япон улсаас олж ирсэн. Гэтэл 300 сая долларын уг бондоос 60 сая доллар сох дутсан нь олныг гайхшруулж байна. Гэтэл энэ их мөнгийг Японы хамтын ажиллагааны банк шимтгэлдээ авсан гэв. Бүхэл бүтэн нийт зээлийнхээ тавны нэгийг шимтгэлдээ өгч жилийн 1.52 хувийн хүү төлөх болсон уг бондыг ямар ч ашиггүй гэдгийг манай эдийн засагчид хэлж байгаа. Угаас Японы зах зээлд нэг дор их хэмжээгээр бонд босгох боломж хомс, санхүүгийн эрсдлийн шалгуур өндөр бөгөөд эдийн засгийн чадамж муутай манайх шиг улсад бүр ч хүндрэлтэй байдаг аж. Ийм хэмжээний шимтгэл, баталгаа төлдөг гэдгийг судалж, танилцуулаагүй нь мөн л Хөгжлийн банкны алдаа юм. Гэтэл тавны нэгийг нь суутгаад авчихдаг ийм бондыг Японы зах зээлээс дахин босгоё гэдэг үгийг гүйцэтгэх захирал нь хэвлэлээр зарлаад явж байна. Нэгэнт алдагдалтай болох нь тогтоогдсон “Самурай бондыг хэрхэн үр ашигтай эргэлдүүлж буцаан төлөх вэ” гэдэг асуудлыг судалж томоохон үр дүнтэй төслүүдийг санхүүжүүлэхийн оронд дэд тэнгэрээс зайран сайдад илгээсэн “888 оймс шаахайны” араас хөөцөлдөж байгаа нь тус банк үндсэн үүргээ умартаж хэд дахин жижгэрсний илрэл юм.
Эдийн засаг нь эрчимтэй хөгжсөн дэлхийн олон оронд “Хөгжлийн банк” байгуулж томоохон төслүүдээ амжилттай үр ашигтай хэрэгжүүлсэн туршлага бий. Үүнийг улс орондоо хэрэгжүүлэх зорилгоор УИХ хөгжлийн банк байгуулах шийдвэр гаргасан. Улс төрөөс ангид цэвэр ашгийн төлөө байж үр дүнгүй хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зарим талаараа Засгийн газарт ташуур болж явах ёстой хөгжлийн банк маань өнөөдөр эрх мэдэлтнүүдийн өвөрт орж, эдийн засгийн бус улс төрийн ашгийн төлөө ажилладаг болсонд дүгнэлт хийх цаг болжээ. Улс орондоо томоохон төслүүдийг бие дааж эхлүүлж чадахгүй бол хөгжлийн банкны хэрэг үгүй. Цаашдаа зөвхөн Засгийн газрын өмнөөс өр тавьж, улс төрийн популист төслүүдийг нь санхүүжүүлдэг кассын маягаар ажиллавал хөгжлийн банк хор уршиг болон хувирна.
О.Цагариг

Сэтгэгдэл (5)