
Тэгвэл дээрхи бодисууд нь олон гаж нөлөө ихтэй химийн бодис агуулсан байдаг тул хүний биед хор хүргэж байгаа гэдгээ хүмүүс мэддэггүй байна. Тухайлбал эдгээр бодисууд нь астма үүсгэх, нүд, хамар, арьсны салст бүрхэвчийг цочроох, харшил үүсгэдэг. Тиймээс ариутгагч, цэвэрлэгч бодис болон аяга таваг угаагч авахдаа найрлага, орц, зааварчилгааг маш сайн уншиж, өөрт аюулгүй, харшилгүй, гаж нөлөө багатайг нь сонгож авах хэрэгтэй. Ингээд ариутгагч бодис болон угаалгын нунтаг дахь бодисуудын хүний биед нөлөөлөх нөлөөллийн талаар хүргэж байна.
Хлор, хлорамин ба хлорын органик нэгдлүүд нь зүрх судасны өвчлөлийн шалтгаан болж, судасны хатуурал, цус багадалт, цусны даралт ихдэлт үүсэхэд нөлөөлөх эрсдэл маш өндөр байдаг. Улмаар өдөр болгон хлортой усаар цэвэрлэгээ хийх нь арьс ба үсний байдалд таагүй нөлөө үзүүлдэг.
Фосфат, фосфонатууд нь ус зөөллөгч хэлбэрээр дийлэнх угаалгын нунтагт агуулагддаг бөгөөд арьсанд харшил өгөх эрсдэл их өндөр. Үнээс гадна фосфатууд нь нуур, цөөрөмд орвол замаг, усны ургамлын тэжээл болж, хэт ихээр ургах нөхцлийг бүрдүүлж, улмаар усны бусад амьд биетүүдийг үхэлд хүргэдэг. Тиймээс орчин үед хариуцлагатай үйлдвэрлэгчид нь ахуйн химийн хэрэгсэлд фосфат хийхээс татгалзах болсон. Фосфатуудыг цеолит ба поликарбоксилатуудаар орлуулдаг
Гадарга идэвхтэй анионт бодисууд нь гол төлөв угаалгын нунтаг, аяага таваг угаагч бодисуудад агуулагддаг. Гадарга идэвхтэй бодисууд нь эд зүйлсийг хир буртгаас цэвэрлэдэг бөгөөд дотроо анионт, катионт, ионогений бус гэсэн гурван үндсэн төрөл байдаг. Эдгээрээс хамгийн аюултай нь анионт гадарга идэвхтэй бодисууд юм. Учир нь ийм гадарга идэвхтэй бодисууд нь арилалгүйгээр сав суулгаар дамжин хүний биед ордог. Халуун усаар арван удаа булхан зайлсан ч ийм бодис нь арилалгүй үлдээд хүний биед нэвтрэх аюултай. Тиймээс ийм сөрөг нөлөөг багасгахын тулд гадарга идэвхит бодис /surfactant/ -ын агуулга нь 5 хувиас ихгүй угаагч шингэнийг ашигла.
Натрийн гипохлорид нь (sodium hypochlorite) нь цайруулагч бодисуудад агуулагддаг. Энэ бодис нь тогтворгүй болхоор агуулж байгаа хлороо маш хурдан ялгаруулдаг.
Нашатырийн спирт нь шил, толь өнгөлөн цэвэрлэгч бодисуудад агуулагддаг. Цэвэрлэх явцад хэтрүүлбэл нүд ба амьсгалын замыг цочроох, толгой өвдүүлэх аюултай.
Нитробензол нь шахмал шал буюу манайхны ярьж заншсанаар паркет ба мебель эд өнгөлөгчдөд ашиглагддаг бөгөөд багтраа үүсгэх, бөөлжүүлэх нөлөө үзүүлнэ.
Формальдегид нь хадгалагдах хугацааг уртасгагч бөгөөд хорт хавдар үүсгэгч бодис юм. Фенол ба крезолууд нь нянгийн эсрэг бодис бөгөөд маш идэмхий, агуулга нь өндөр бол гүйлгүүлэх, толгой эргэх, элэг ба бөөрний үйл ажиллагааг доголдуулах зэрэг сөрөг нөлөөтэй.
Эх сурвалж: Emegteichuud.mn