ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт ирэх тавдугаар сарын 8-ны шөнө дундаас тавдугаар сарын 11-ний шөнө дунд хүртэл гурван өдрийн турш гал зогсоохоо мэдэгдэв. Эдгээр өдрүүдэд дэлхийн хоёрдугаар дайны ЗХУ-ын Ялалтын баярын 80 жилийн ой тохиож байгаа билээ.
Тэд мөн Украины эрх баригчдыг үүнтэй адил шийдвэрт хүрэхийг уриалж байна. Кремль "Энэ хугацаанд бүх байлдааны ажиллагааг түр зогсооно" гэж мэдэгдсэн бөгөөд Украины тал энэ санаачилгыг дагах ёстой гэж Орос улс үзэж буй.
Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский гал зогсоох мэдэгдлийг “хууран мэхлэх оролдлого” гэж нэрлэв. Мөн тус улсын Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха "Орос үнэхээр энх тайвныг хүсэж байгаа бол даруй галаа зогсоох ёстой. Яагаад тавдугаар сарын 8 хүртэл хүлээх ёстой вэ?" гэжээ.
Цагаан ордноос "байнгын гал зогсоох" уриалгыг гаргаж байгаа бөгөөд Путины уг мэдэгдэл нь Трампын засаг захиргаа дайныг зогсоох хэлэлцээрийг үр дүнд хүргэх гэсэн хүчин чармайлтын үед гарч байна.
Ням гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ, энэ долоо хоногт АНУ энх тайвныг тогтоох хүчин чармайлтаа үргэлжлүүлэх эсэхээ тодорхойлох болно гэв.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)