Монголд баян ядуугийн ялгаа улам холдож, тэр нь гуу жалга, хогийн цэг, гэр хороолол, гүүр, орон сууц, хувийн сургууль, брэнд гэх мэтээр зааглагдаж байна. Өнөөдөр бид тэгш боломжийг хүсэж байгаа боловч энэ нь алс холын мөрөөдөл мэт бүдэг бадаг. Амьдран буй манай нийгмийн давраажилт одоо бол хоёр туйл дээр л тогтох шинжтэй. Дунджууд шахагдаж, улдаж гүйцэх аястай. Яг үнэндээ зүйрлэвэл мөнгөтэй, мөнгөгүй хоёр "тэнгэр, газар" шиг л ноёлож байна. Тэгээд тэдний дунд ямар ч хүн төрөлхтөн, уул ус, ургамал амьтан байхгүй мэт аяг араншин нь дийлдэхээ болив.
Нэгэн эрх гэргий "хүүхдээ автобусанд суулгаж, хал үзүүлж, халуун чулуу долоолголоо" хэмээн гайхамшигт үзэгдэл мэтээр сошиалд уянгалж байсан нь саяхан л санагдана. Гэтэл бас нэг аав "хүүхдэдээ гуу жалга үзүүлсэн" юм байх. Монголд хүнлэг хүн гэж байхгүй болсны дохио. Монголд хүн хүнийхээ харьцуулалт дунд амьдардаг болохын хүйтэн жишээ. Өнөөдөр хөө тортогтой, муухан хувцастай явж байвал хэнээр ч нулимуулж болохын доромжлол.
Хүн гэдэг эхээс төрөхдөө л адил нүцгэн болохоос цааш замд өөрийгөө бүтээх авай. Гэвч тэр нь бас л адилгүй. Зарим нь бартаа саад ихтэй, цөхөрч шархирмаар замыг туулж байхад зарим нь дарданхан замаар давхиулсаар мөрөөдөлдөө хүрдэг. Зарим нь намаг балчигаас урсгал ус руу тэмүүлж байхад, зарим нь намагтаа үүрд үлддэг. Зарим нь аглаг буйд газраас дэлхийг мөрөөдөж суухад, зарим нь дэлхийгээр хэрэн хэсэвч аглаг буйдыг хүсэж явдаг. Иймээс л хүмүүс хүсэл мөрөөдөл, ертөнцийг үзэх үзэл, амьдралын үнэт зүйлээрээ ялгаатай юм.
Хичээл зүтгэл гэдэг "тэгш боломж" дээрээс адил гарвал, нэгэн зэрэг барианд хүрэх хувилбар. Даанч монголын нийгэмд тийм зүйл үгүй. Ийм нийгэмд тэнцэн ядаж буй энгийн амьдралыг хэн ч шүүх эрхгүй. Хүн хичээвэл юунд хүрдэг юм гэнэ лээ. Гэхдээ амьдарч байгаа нь л хэн нэгний хувьд "хичээл зүтгэл" байвал юу болохов...
Эрх тэгш бус, иргэндээ ээлгүй, баян ядуугийн ялгаа нь тэнгэр газар шиг болж яваа, ардчилсан гэх атлаа дарангуйлал үүдэнд амьсгалж буй энэ үеэ л шүү.
М.Ж