Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатарт зохион байгуулж байна. Азид болон Монгол Улсад анх удаа зохион байгуулсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтын талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын анхны уулзалтыг зохион байгууллаа. Дэлхий нийтийн өмнө тулгамдсан онц чухал асуудлыг Гадаад хэргийн эмэгтэй сайд нар хэлэлцлээ. Аюулгүй байдлын, геополитикийн нөхцөл байдал, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гээд цаг үеэ олсон, ач холбогдолтой асуудлууд багтлаа. Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, хүнсний баталгаат хангамж зэрэг нэн чухал асуудлуудад хэлэлцүүлэг чиглэлээ хэмээн хэвлэлийн бага хурлыг нээгээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
“Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний төлөө тулгамдсан асуудлыг төлөө тууштай тэмцэхэд энэхүү уулзалт чиглэлээ. Франц улсын зүгээс санаачилгатай ажиллана” гэдгийг Франц Улсын Гадаад хэргийн сайд К.Колонна онцолсон бол ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд А.Бербок “Төрөлжин солонгорсон төлөөлөл бүхий арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Монгол Улсад зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь их онцлогтой. Ганц улсын асуудал гэж байхаа больсон цаг үе. Хил дамнасан, бүс нутаг дамнасан асуудлыг нэн оновчтой шийдвэрлэхэд бидний оролцоо туйлын чухал байна. Феминист чиглэлийн гадаад харилцаа туйлын чухал ач холбогдолтой. Энэ дэлхийн аль ч улсад эмэгтэйчүүдийн асуудал хурцаар тавигдаж байгаа учир бид нийтлэг ашиг сонирхлоор нэгдэж байгаа юм. Дэлхий нийтийн тэн хагасыг бүрдүүлж буй эмэгтэйчүүд тэгш эрх, боломжоор хангагдах нь зүйн хэрэг. Энхийн нөхцөлд,зөрчил мөргөлдөөн явагдаж байгаа, байсан газар оршин суугаа эмэгтэйчүүдийн эрхийн асуудал туйлын чухал. Зэвсэгт мөргөлдөөний үеэр эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэх бэлгийн хүчирхийлэл нь дайны нэгэн зэвсэг байж ирсэн гэдгийг онцлон хэлэх ёстой. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш хүртээмжийн асуудал орших уу, эс орших уу гэдэг дээр ирээд байна.
Эмэгтэйчүүдийн оролцоог чухалчлан харж буй туршлагаасаа солилцсон нь өнөөдрийн уулзалтын чухал үр дүн байлаа. Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг чухлаар харж байгаа туршлагуудаас сонсоход хэрэгтэй байлаа. Эмэгтэйчүүд улс орныхоо хувь тавиланг аврах боломжтой. Нөгөө талаас эмэгтэйчүүдээ авран хамгаалах ёстой. Эмэгтэйчүүд аюулгүй байхад улс үндэстэн аюулгүй байна. Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүд хүмүүнлэгийн чиглэлээр оролцох хэрэгтэй. ХБНГУ-ын Засгийн газар нэг сая еврогийн хувь нэмрээ оруулан ажиллах, дараа жил энэ дүнгээ нэмэгдүүлэх амлалт авсан. Хэлэлцээнд оролцогчдын тэн хагас нь эмэгтэйчүүд байвал илүү үр дүн байдгийг практик баталж байна. Гадаад хэргийн сайд эмэгтэйчүүд бидний зүгээс энэ асуудалд анхаарч ажиллана” хэмээв.
Лихтенштайн улсын Гадаад харилцаа, боловсрол, спортын сайд Д.Хаслер “Уур амьсгалын өөрчлөлт, хүнсний баталгаат хангамж, энхтайвны асуудал цаг үеэ олсон асуудал юм. Энэ боломжийг олгосон Монголын Засгийн газарт талархлаа илэрхийлье. Эмэгтэйчүүд боловсролд хамрагдахгүй байх нөхцөл өнөөдөр ч байсаар байна. Тиймээс бид энэ асуудлыг нухацтай хэлэлцэх ёстой. Чинээлэг,тайван амгалан нийгмийг цогцлоохын тулд бид тулгамдсан асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн бол ӨАБНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны сайд Н.Пандор “Урам зориг өгсөн арга хэмжээ боллоо. Гадаад хэргийн эмэгтэй сайд нар хамтран ажиллах шаардлагатай гэдгийг бидэнд сануулсан чухал арга хэмжээ боллоо. Уур амьсгалын өөрчлөлт, хүнсний баталгаат байдал, энхтайван, тогтвортой байдлын асуудлаар бид хэлэлцлээ. Олон улсын олон янзын тавцан дээр бид үүрэг амлалт авдаг. Гэхдээ бид бодит үр дүнг авчрахын төлөө хэлэлцлээ. Амаргүй, адармаатай цаг үед бид асуудлыг хэлэлцлээ. Зөв гаргалаа, зөв шийдэл хэрэгтэй. Монгол Улсын Гадаад харилцааны яамны гаргасан энэ санаачилгаболон Герман, Францын Гадаад хэргийн сайд нарын үзүүлж буй энэхүү манлайлал үнэхээр зоригтой бөгөөд цаг үеэ олсон санаачилга байна. Өмнөд Африкийн нэрийн өмнөөс хэлэхэд , бид хэр урагшлах вэ гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. ” хэмээн байр сууриа илэрхийлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
“Феминист гадаад бодлогын концевцийг өнөөдөр ярилаа. Энэ нь гадаад бодлоготой хэрхэн уялдах вэ?” гэсэн Монголын сэтгүүлчдийн асуултад ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд А.Бербок:
-Аль ч улс оронд энэ нь шинэлэг ойлголт. Эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх юм. Дэлхийн аль ч улсад заяагдмал эрх нь хангагдах ёстой. Гишүүн тус бүр эдлэх ёстой эрхээ эдэлж байгаа эсэх нь жич асуудал. Гадаад бодлогын цөм нь эмэгтэйчүүдийн асуудал байх ёстой хэмээсэн бол Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди:
-Тэгш эрхийг хангасан гадаад бодлого юм. Эмэгтэйчүүдийн эрх ашигт мэдрэмжтэй, зөв оновчтой бодлогыг хэлж байна. Индонезийн Засгийн газар жендэрийн мэдрэмжтэй бодлогод нэн ач холбогдол өгч ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн юм.