УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн асуултад хариуллаа.
Тэрбээр, “Өргөн баригдсан намын тухай хуульд намын удирдах байгууллага буюу Намын их хурал дөрвөн асуудал шийдвэрлэнэ гэж байгаа. Үүнд,
- Мөрийн хөтөлбөр,
- Намын дарга,
- Төлөөллийн байгууллагаа сонгох болон батламжлах,
- Хяналтын байгууллагаа сонгох гэсэн дөрвөн заалт нь Намын их хурлын үндсэн үүрэг.
Намын их хурал дөрвөн жилд нэг л удаа болно. Тэгэхээр намын дүрэм болон намын дарга дөрвөн жилийн хугацаанд өөрчлөх, явах шаардлага үүснэ.
Өмнө нь намын хуульд намын төлөөллийн байгууллага дүрэмд өөрчлөлт оруулах эрхийг олгоогүй байсныг энэ удаа олгож байгаа юм. Олгохдоо гурваны хоёрын дэмжлэгээр, нийт дүрмийнх нь гурваны нэгээс хэтрэхгүй байна гэж хязгаарлаж байгаа. Намын их хурлын бүрэн эрхэд байнга халдуулахгүй үүднээс ингэсэн. Хэрэв гурваны хоёр хэмжээ нь өндөр байна гэвэл үүнийг олонх гэж болно. Гол нь Намын их хурал дөрвөн жилд нэг удаа болдог учраас уян хатан байлгах үүднээс намын төлөөллийн байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулах эрх олгож байгаа.
Мөн УИХ-ын гишүүдээс маш их гарсан санал бол нэр дэвшилтийг нээлттэй, хариуцлагатай, намын хамт олны санал авдаг, хамт олноороо хэлэлцүүлдэг болгох шаардлага байна гэсэн. Үүний шийдвэр гаргах субьект нь төлөөллийн төв байгууллага байна гээд Сонгуулийн хуульд заагаад өгчихсөн. Төлөөллийн төв байгууллагыг гаргахаас өмнө нэр дэвшигчдээ сонгон шалгаруулах, олон нийтэд хэлэлцүүлэх, шат шатны намын хамт олны санал авах зэрэг бүх ажлыг зохион байгуулах хороотой байя гэж ажлын хэсэг санал гаргасан.
Хорооны дүрэм, нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгахад холбоотой зүйлийг тэр дүрмээр нь зохицуулж өгнө. Тийм учраас 19 дүгээр зүйлийг 4, 5, 6 болгож, хамт олны оролцоог бий болгох үүднээс үүнийг хуульд тусгах шаардлагатай байна. Хорооны бүрэлдэхүүнийг төлөөллийн байгууллага сонгоно.
Нэр дэвшүүлэх эцсийн шийдвэрийг төлөөллийн төв байгууллага гаргана. Хамт олны оролцоог бий болгох үүднээс үүнийг хуульд тусгах шаардлагатай байна. Ийм зохицуулалт байхгүй учраас өмнө нь янз бүрийн асуудал, хэл ам их гардаг байсан. Тиймээс асуудал дахин гаргахгүйн үүднээс хуулиар зохицуулахаар оруулж өгсөн" гэв.