УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, шинэ сэргэлтийн бодлогын эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийсэнтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, хариуллаа. Гишүүдийн асуулт хариултаас хүргэж байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Багануурын цахилгаан станцыг барих санаачлага гарсан ч эх орончын дүртэй МАН-ын хүмүүс зогсоосон. Өнөөдрийг хүртэл хоёр усан цахилгаан станцын тухай яригдсаар байгаа ч өнөөдрийг хүртэл явсангүй. Дорнодын эрчим хүчний өргөтгөл хэзээ хийгдэж дуусах вэ? Аймгуудад дулааны станц барих, өргөтгөл хийх ажлууд хийгдэж байгаа, ямар шатанд явж байна вэ?
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: "Дорнодын цахилгаан станцыг 50 мВт-аар өргөтгөх ажил БНХАУ -ын Хөгжлийн банкны санхүүжилтээр үргэлжилж байна. Энэ ажил ковидын өмнө эхэлсэн. Ковидын дараах үнийн өсөлттэй холбогдуулан нэмж 25 сая ам.доллар шаардлагатай гэх хүсэлт ирүүлсэн. Эрчим хүчний яамнаас ажлын хэсэг гарч дээрх 25 сая ам.долларын нэмэлт хөрөнгө шаардлагатай эсэхийг шалгахаар ажиллаж байна. Бид ойрын өдрүүдэд нэг талдаа шийдвэрээ гаргана. Үүний дараа БНХАУ-ын Хөгжлийн банк болон Монгол Улсын Хөгжлийн банканд санал тавьж төсөвт өртөгийг шаардлагатай бол нэмэгдүүлж 2023 онд дуусгах арга хэмжээг аваад байна.
Арван аймгийн дулааны цахилгаан станцын тухайд 140 сая ам.долларын төсөвт БНСУ-ын санхүүжилтээр хэрэгжиж байна. Есөн аймгийн ажил хэвийн үргэлжилж байгаа бол Архангай аймагт маргаан үүссэн. Шийдвэр Эрчим хүчний яамны талд гарсан. Энэ өвөл бэлтгэлээ сайн хийгээд төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулна.
Багануурын цахилгаан станц шүүмжлэл дагуулсан нь үнэн. 2017 онд концессийн гэрээ байгуулсан ч ямар нэг шалтгаанаар зогссон байсан. Концесс эзэмшигч компани нь энэ төслөө үргэлжлүүлж чадахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Хувьцаагаа цахим хөрөнгө оруулагч нарт шилжүүлнэ, өмнөх хөрөнгө оруулагч нарыг олчихсон БНХАУ-ын хилийн хоригоос шалтгаалж ойрын өдрүүдэд ирж уулзах байх гэсэн хүлээлттэй байна.
2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдсан. Тэр үед нарны станцаас нэг кВт эрчим хүчийг 15, 19 центээр авчээ. ТЭЦ-4-өөс төвийн эрчим хүчинд 60.5 төгрөгөөр, нарны станцуудаас 560 төгрөгөөр нийлүүлж байгаа. Засгийн газрын гаргасан тогтоолоор ирэх оны нэгдүгээр улиралд багтааж хөрөнгө оруулагчидтай тохиролцож үнийг бууруулах арга хэмжээг явуулж байна" гэв.
Т.Мөнхжаргал