Цагдаагийн ерөнхий газраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, байгууллагуудын алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сургагч багш бэлтгэх зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 30 алба хаагчийг “Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт”-д хамрууллаа.
“Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт”-аар Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор У.Туяа “Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын арга зүй”, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, доктор, дэд профессор Д.Сүнжид “Хүний эрхийн хязгаарлалт”, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд “Эрүү шүүлтээс ангид байх”, Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Х.Цэцгээ “Цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрх”, “Жендерийн тэгш байдал ба ажлын байрны бэлгийн дарамт”, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дата сүлжээ хариуцсан ажилтан Д.Амаржаргал “Хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудал”, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал, хуульч, өмгөөлөгч Н.Арвинтариа “Хүчирхийллийн хохирогч хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдвийн хүрээнд тус тус сургалт орлоо.