БАРИМТ 1
1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр монголчууд Манж Чин гүрний ноёрхлыг унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхтэй.
БАРИМТ 2
Улмаар язгуурын төр улсаа дэлхий дахинаа албан ёсоор зарлан тунхаглаж, VIII Богд Жавзандамба хутагтыг улсын эзэн хаанаар өргөмжилж, анхны таван яамыг байгуулан сайд нарыг томилж байжээ. Үүнээс цааш түүх өгүүлэх болно.
БАРИМТ 3
Их эзэн Чингис хааны 1206 онд байгуулсан Монголын эзэнт гүрнээс үлдсэн Монгол Улсын сүүлчийн хаан Лигдэн 1634 онд нас барж, 1636 оноос Өмнөд Монгол, 1691 онд Халх Монгол, улмаар 1757 онд Манжийн эсрэг тэмцсэн Хотгойдын Чингүнжав, Ойрадын Амарсанаа нарын бослого дарагдаж, монголчууд Манжийн эрхшээлд оров.
БАРИМТ 4
Монголчууд төр засаггүй болж, дотоод, гадаад гэж хуваагдан, гадаад буюу Ар Монголын хэргийг Манж Чин улсын Бээжин дэх Гадаад Монголын төрийг засах явдлын яам хариуцах болжээ. Ингэж тэрхүү 200 гаруй жилийн түүх эхэлжээ.
БАРИМТ 5
1727 оны Буурын гэрээгээр Монгол-Оросын хилийг тогтоож, Орос-Монголын харилцаатэй холбоотой бүх асуудлыг Манж Чин гүрэн, Хаант Оросын гадаад бодлогын хүрээнд зохицуулахаар болжээ. Ийн Ар Монгол нь Манж Чин гүрний нөлөөний бүс болж, хязгаар нутаг нь болж хувирсан гэдэг.
БАРИМТ 6
1860, 1962, 1869, 1881 оны Манж, Оросын гэрээнүүдээр Монгол дахь Оросын нөлөөлөл нэмэгдэж иржээ. Энэ үед Манж Чин гүрний хүч нөлөө ч суларч, үүнтэй зэрэгцээд Гадаад Монголыг улам колончлох бодлого барьж, "Шинэ засгийн бодлого" гэгчийг хэрэгжүүлж эхэлсэн нь олон жил дарлагдсан Монголчуудын дургүйцлыг улам хүргэж, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийх нөхцөлийг бүрдүүлсэн гэж түүхчид үздэг байна.
БАРИМТ 7
Манжийн "Шинэ засгийн бодлого" нь Монгол нутагт хятадуудыг суурьшиж амьдрах, газар тариалан эрхлэх, хатуу хориотой байсан хятад, монгол иргэд ураг барилдаж гэрлэх, монгол газар хятад нэр хэрэглэх, хятад хэлийг албанд хэрэглэхийг хориглож байсныг цуцлах, зөвхөн Манжид хэрэглэж байсан есөн эрүү шүүлтийг монголчуудад тулгах зэрэг явдлыг дэмжиж байж.
БАРИМТ 8
VIII Богд Жавзандамба хутагт 1895, 1900 онд Хаант Орост хандаж Манжаас тусгаарлахыг дэмжихийг хүссэн захидал, элчийг явуулж байсан бол 1900-гаад оны эхээр Өвөрмонголд Тогтох тайжийн тэргүүлсэн бодлого гарч, 1900 онд Улиастайн 2000 монгол цэргийн бослого, 1906, 1910 онд Их хүрээнд хятадын худалдаачдыг эсэргүүцсэн ард олны болон лам нарын хөдөлгөөн гарчээ.
БАРИМТ 9
Улмаар 1909-1910 оноос Ар Монголын ноёд шинэ засгийн бодлогыг эсэргүүцэн албан ёсоор нэгдэж, Богд Жавзандамба хутагттай энэ талаар хэлэлцэн Манж Чин гүрний засаг захиргаа нуран унах дөхснийг таширлуулан тусгаар тогнолоо зарлаж, төр улсаа байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ.
БАРИМТ 10
Ингээд халхын дөрвөн аймгийн хангуудын гарын үсэг бүхий тусгаар тогтнолын хэрэгт тусламж үзүүлэх тухай захидлыг дахин Хаант Орос улсад илгээхээр тогтжээ. Энэхүү захидлыг Богд Жавзандамба хутагтыг төлөөлж Да лам Цэрэнчимэд, Халхын ноёдыг төлөөлж Чин ван Ханддорж, Өвөр Монголын төлөөлөл болж Хайсан гүн нар авч 1911 оны 7-р сард Хаант Оросыг зорьжээ. Хэдийгээр Хаант Оросын зүгээс шууд дэмжээгүй ч энэ нь монголчуудыг өөрийн хүчээр тусгаар тогтнолоо сэргээн мандуулах үйлсийг эхлүүлэх зорилгыг шулуутгасан байна.
БАРИМТ 11
1911 оны 10 дугаар сар. Хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар буюу Түр Засгийн газрыг Түшээт хан Чагдаржаваар ахлуулан байгуулж, Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлах, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залах бэлтгэл хангах, цэрэг, зэр зэвсэг дайчлах, мөнгө санхүү босгох зэрэг ажлыг хариуцуулан ажилд нь оруулжээ. Мөн Манжаас Хүрээнд сууж асан Сандо амбанг 12 дугаар сарын эхээр хөөн явуулж, хятад цэргүүдийн зэвсгийг хураасан гэдэг.
БАРИМТ 12
Түр Засгийн газар нь 1911 оны 12 дугаар сарын 29 буюу Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есний бэлгэт сайн өдрийг сонгож, Олноо өргөгдсөн Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлан тунхаглаж, Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанд залж, анхны таван яамыг байгуулах, төрийн тамга, сүлд, далбааг урлаж бэлэн болгох зэрэг бүх бэлтгэл болон гүйцэтгэл ажлыг хариуцаж хийжээ.
БАРИМТ 13
Төрийн тамга, далбаа, дуулал, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулав. Богд хааны анхны зарлиг тэр өдрөө гарч Монголын тусгаар тогтнолыг дахин тунхаглан бататгаж, энэ үйл явдлыг тохиолдуулан онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг шагнаж урамшуулан, хишиг түгээж, өршөөл уучлалыг үзүүлсэн байна.
БАРИМТ 14
Монголчууд үндэсний эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо сэргээн зарласан 1911 оны 12 дугаар сарын 29-ний үйл явдал нь нийгмийн байгууллыг үндсээр нь өөрчилж, шинэ засаг төрийг тогтоон, бүхнийг дахин шинээр эхэлж, монголчууд өөртөө бүх эрхийг авсан хувьсгалт өөрчлөлт шинэчлэл байв.
БАРИМТ 15
Ээдрээтэй цаг үе, бартаа саад бүхий замыг туулсан ч 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо зарлаж, нутаг орноо харийн түрэмгийллээс чөлөөлсөн нь 1921 оны Ардын хувьсгал ялах, 1945 оны Ялтын гэрээгээр Монголын статус кво-г тогтоох, 1961 онд НҮБ-д элсэж, олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөх, 1990 онд Ардчилсан хувьсгалыг хийж, өнөөдрийн эрх чөлөөт ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа дахин тунхагласан зэрэг олон үйл явдлын суурь болжээ.
БАРИМТ 16
Тэр үеийн Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Да лам Г.Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван М.Ханддорж, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Түшээт ван Г.Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Г.Гомбосүрэн, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Эрдэнэ ван М.Намсрай ажиллаж байв.
БАРИМТ 17
Улмаар 1912 оны зун Дотоодын зэрэг олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн захирах сайд буюу Ерөнхий сайдын орон тоог бий болгож, Сайн ноён хан Т.Намнансүрэнг томилжээ.
БАРИМТ 18
Харин 2007 онд УИХ-аар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдрийг тэмдэглэлт өдөр болгож, одоогоос 17 жилийн өмнөх 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд анх удаа албан ёсоор тэмдэглэж байв.
БАРИМТ 19
Түүний дараа буюу 2011 онд нийтээр тэмдэглэх үндэсний баярын өдөр болгосон байдаг.
БАРИМТ 20
Энэ онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой тохиож байна.