Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
2024 оны 12 дугаар сарын 27-ноос 2025 оны 01 дүгээр сарын 03-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2025 оны 1-р сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
Салхи: Арванхоёрдугаар сарын 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар, 31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 29-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 26-31 хэм, бусад хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.