Энэ сарын эхээр Энэтхэгийн далай дахь Францын Майотт мужийг "Чидо" хар салхи сүйрүүлсний улмаас Франц улс үндэсний гашуудлын өдөр зохион байгуулж байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн долоо хоногт тус аралд айлчлах үеэр "гамшгийн тусламжийг удаашруулж байна" гэж арлын зарим иргэд түүнийг шүүмжилсэн. Удалгүй тэр улс даяар гашуудлын өдрийг зарлахаа амласан юм.
"Чидо" хар салхи 12 дугаар сарын 14-нд Африкийн зүүн өмнөд эргээс 260 км/ц хурдтай салхилж, олон зуун хүний амь эсрдээд буй.
Гашуудлын өдрөөр Франц даяар амь эрсэдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлж, Парис, Марсель, Лион зэрэг хотуудад эв санааны нэгдлийн жагсаал хийж, туг далбаагаа хагас намируулахаар төлөвлөөд байна.
"Чидо" бол сүүлийн 90 жилд тохиолдсон хамгийн хүчтэй шуурга юм. Францын албаны хүмүүс Майотт мужид 31 хүн нас барсан гэж мэдээлж байгаа ч амь үрэгдэгсдийн тоо илүү их байх төлөвтэй байна. Уг шуурга дайран өнгөрсөн бүс нутгуудад олон мянган хүн сураггүй алга болоод буй.
Л.Баяр