БАРИМТ 1
Бүгд Найрамдах Өмнөд Судан улс нь 644,329 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Төв Африкийн хэсэгт оршдог далайд гарцгүй орон. Тивийнхээ төвд байрладаг тул Этиоп, Судан, Төв Африкийн Бүгд Найрамдах улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Уганда, Кени гэх улсуудтай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Өмнөд Судан улсын нийт хүн ам 12.8 сая бөгөөд тэдний 60.5 хувь нь христийн шашныг, 33 хувь нь нутгийн уламжлалт шашныг, 6.2 хувь нь исламын шашныг шүтдэг. Нилотчуудын эх нутаг байсан уг улсыг зарим тохиолдолд Нилотын Бүгд Найрамдах улс гэж дууддаг.
БАРИМТ 3
Өмнөд Судан улс Судан улстай нэгдмэл байх үедээ Африк тивийн хамгийн том, дэлхийн 10 дахь том газар нутагтай улс байсан. Харин одоо Африк тивийн 19 дэх, дэлхийн 41 дэх том газар нутагтай улс болсон. Өмнөд Судан улсын газар нутаг дээр манай эриний өмнөх 30,000-20,000 оны хооронд нубиа үндэстний хүмүүс анх суурьшсан.
БАРИМТ 4
Судан гэх нэрийн утгыг араб хэлнээс орчуулбал “Билад-ас-Судан” буюу “Хар арьст хүмүүсийн эх нутаг” гэх утгатай. 1899-1955 оны хооронд Өмнөд Судан улс Англи-Египетийн Судан буюу Британи-Египетийн хамтарсан удирдлага дор оршин тогтносон. Улмаар суданчууд 1956 онд тусгаар тогтнолоо зарласан.
БАРИМТ 5
Тусгаар тогтносны дараа Суданы нэгдүгээр иргэний дайн 1972 онд эхэлж 1983 онд өндөрлөсөн бол Суданы хоёрдугаар иргэний дайн дахин 1983 онд эхэлж 2005 онд энхийн гэрээний тусламжтайгаар өндөрлөсөн. Тухайн жилийн дараа Өмнөд Суданы автономит засгийн газар байгуулагдаж Судан улсын өмнөд хэсгийн автономит байдал сэргэсэн.
БАРИМТ 6
Суданы хоёрдугаар дайны үеэр хамгийн багадаа 1.5 сая хүн амиа алдаж 4 сая хүн аюулгүй газар луу дүрвэсэн. Харин Суданы нэгдүгээр иргэний дайн Суданы засгийн газар болон партизаны хөдөлгөөний дунд өрнөсөн. Өмнөд Судан улс 2011 оны долдугаар сарын 9-нд ард иргэдийн 98.83 хувийн дэмжлэгтэйгээр тусгаар тогтнолоо зарласан.
БАРИМТ 7
Олон арван жилийн турш дайны хөлд нэрвэгдсэн Өмнөд Судан улс тусгаар тогтнолоо олсон ч тэнд энх тайван цаг удаан үргэлжлээгүй. 2013 оны арван хоёрдугаар сард ерөнхийлөгч Салва Киир өмнөх дэд ерөнхийлөгч Риек Мачарыг өөрийг нь албаан тушаалаас нь түлхэн унагахыг завдсан гэж буруутгаснаар дахин иргэний дайн эхэлсэн.
БАРИМТ 8
Уг дайн 2020 оны хоёрдугаар сард өндөрлөсөн бөгөөд хамгийн багадаа 4 сая хүний аминд хүрсэн. Ийнхүү дайнаас дайны хооронд оршиж байсан Өмнөд Судан улс 2020 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн болон худалдан авах чадварын паритетаас харахад дэлхийн найм дахь ядуу орноор нэрлэгддэг.
БАРИМТ 9
Өмнөд Судан улсын хүн амын ихэнх хэсгийг эртний Нилот үндэстний хүмүүс бүрдүүлдэг ба албан ёсны хэл нь англи хэл. Англи хэлээс гадна тус улсад 60 гаруй хэл идэвхтэй ашиглагддаг. Мөн Өмнөд Судан улс нь нэг ширхэг ч ЮНЕСКО-гийн үнэт өвөөр нэрлэгдсэн газаргүй дэлхий дээрх 27 улсын нэг.
БАРИМТ 10
Өмнөд Судан улсын хүн ам маш залуу. Нийт өмнөд суданчуудын тэн хагас нь 18-аас доош насны хүүхдүүд байдаг бөгөөд улсын дундаж наслалт нь дөнгөж 57.6 жил. Дундаж наслалт маш бага байгаа нь Өмнөд Судан улсад өрнөсөн иргэний дайнууд, чанарын шаардлага хангахгүй амьдрах орчин, хүнсний аюулгүй байдал, тахал өвчнүүд гэх мэт олон шалтгаантай.
БАРИМТ 11
Тус улсын нийслэлийг Жуба гэдэг. Тэгвэл дэлхийн хамгийн урт гол болох Нил мөрний үндсэн хоёр цутгалын нэг болох Цагаан Нил Жуба хотоор дамжиж урсдаг. Уг мөрөн нь үргэлжилж урссаар өөр нэг цутгал болох Цэнхэр нилтэй Судан улсын нийслэл хартум хотод нийлдэг.
БАРИМТ 12
Өмнөд Судан улсад Африк тивийн хамгийн том намгархаг газар байдаг. Судд гэх уг газар нь 57,000 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг бүрхдэг бөгөөд чийгний гол үндсэн эх үүсвэр нь Цагаан Нил мөрөн юм байна. Мөн нийт өмнөд суданчуудын 83 хувь нь хөдөө орон нутагт газар тариалангийн аж ахуй эрхэлж амьдардаг.
БАРИМТ 13
Өмнөд Судан улс агаарын бохирдлоос болж нас бардаг хүмүүсийнхээ тоогоор дэлхийд есдүгээр байранд жагсдаг. Олон улсын аяллын эрсдэлийг дүгнэдэг эх сурвалжуудаас харахад Өмнөд Судан улс гадаадын жуулчдад хамгийн аюултай орнуудын эгнээнд үргэлж бичигддэг.
БАРИМТ 14
2011 онд тусгаар тогтнолоо зарлахаасаа өмнө Өмнөд Судан болон Судан улсууд иргэний дайн дууссаны дараа 2005 онд хоёр улс болж салах тухай аль хэдийнээ тохиролцсон байсан. Дэлхийн Банкны сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд өмнөд суданчуудын 82 хувь нь ядуу буурай гэх бүлэгт харьяалагддаг.
БАРИМТ 15
Өмнөд Судан улс холбооны түр зуурын нэгдлийн засгийн газартай ба одоогийн төрын тэргүүнийг нь Салва Киир Майардит гэдэг. Тэрбээр 2011 онд Өмнөд Судан улс тусгаар тогтнолоо зарласан цагаас хойш уг албан тушаалыг хашиж байгаа. Мөн Өмнөд Суданы хүн амын 50 хувь нь л өдөр тутамдаа цэвэр ус хэрэглэдэг.
БАРИМТ 16
Өмнөд Суданы хүн амын тодорхой хэсгийг бүрдүүлдэг динкачууд маш өндөр гэдгээрээ алдартай. Динка эрчүүд дунджаар 182.6 сантиметр, эмэгтэйчүүд 181.3 сантиметр өндөртэй бөгөөд NBA-ын түүхэн дэх хамгийн өндөр тоглогч болох Манут Бол 231 сантиметр өндөртэй байсан. Тэрээр динка хүн байсан билээ.
БАРИМТ 17
Судан эмэгтэйчүүд амьдралынхаа туршид 4-5 хүүхэд төрүүлдэг. Уг үзүүлэлтийн ачаар Өмнөд Судан улсын хүн ам хурдацтай өсөж байгаа. Мөн тус улсад хүний арьс хар байх тусмаа үзэсгэлэнтэйд тооцогддог. Тиймээс эмэгтэйчүүд нь арьсаа улам бүр гялтганасан хар болгохын тулд олон төрлийн арга хэрэглэдэг.
БАРИМТ 18
Өмнөд Судан улсын засгийн газар улсынхаа нийт төсвийн дөнгөж 2.6 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг бөгөөд нийт иргэдийнх нь 50-аас бага хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой байдаг. Мөн өмнөд суданчуудын 60-аас их хувь нь олон улсын стандарт хангаагүй хүнс хэрэглэдэг.
БАРИМТ 19
Өмнөд Судан улсад тулгамдаж буй хамгийн том асуудлуудын нэг бол боловсрол. Нийт насанд хүрсэн өмнөд суданчуудын 27 хувь нь бичиг үсэг тайлагдсан бөгөөд хүүхдүүдийн 30 хувь нь сургуульд сурч 2 хувь нь л бага сургуулиа төгсдөг. Өмнө нь хэлсэнчлэн ихэнх өмнөд суданчууд хөдөө орон нутагт амьдардаг тул хүүхдүүд багаасаа хөдөлмөр эрхэлж гэр бүлдээ тусалдаг тул тэдэнд сургуульд сурах цаг олддоггүй. Сурагчдын ихэнх хувийг охид бүрдүүлдэг.
БАРИМТ 20
Өмнөд Судан улс их хэмжээний газрын тосны нөөцтэй. Гэхдээ далайд гарцгүй орон тул Өмнөд Суданы ихэнх газрын тосны хоолой нь Судан улсын газар нутгаар дамжигдан холбогдсон. Улмаар 2012 онд хоёр улсын хооронд үүссэн зөрчилдөөнөөс болж Судан улс газрын тосны хоолойных нь үйл ажиллагааг зогсоож Өмнөд Суданы эдийн засгийг доройтуулсан.
БАРИМТ 21
Өмнөд Суданы баг тамирчид Судан улсын нэр дээр олимпын наадамд оролцдог байсан бол 2016 оноос эхлэн эх орноо төлөөлөн олимпд оролцох боломжтой болсон. Одоогийн байдлаар Өмнөд Судан улсын нэр дээр бүртгэгдсэн олимпын медаль байхгүй.
БАРИМТ 22
Иргэний дайнаас болж сүүлийн 50 жилийн турш хуримтлагдсан Судан болон Өмнөд Судан улсуудын гадаад өр 38 тэрбум ам.доллартай тэнцэнэ. Өмнөд Судан улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш хамгийн эхэнд төрсөн хүүхдэд“Тусгаар тогтнол” гэх утгатай нэр өгсөн. Харамсалтай уг хүү төрснөөсөө хойш нэг жилийн дараа нас барсан.
БАРИМТ 23
Өмнөд Судан улсын төрийн далбаа хар, цагаан, цэнхэр, улаан, ногоон өнгөнүүд болон шар өнгийн одноос бүрддэг. Улаан өнгө нь тусгаар тогтнолын төлөө урссан дусал цус бүрийг, ногоон өнгө нь улсын байгалийн баялгийг, цагаан өнгө нь энх тайвныг, цэнхэр өнгө нь Нил мөрнийг, шар өнгийн од нь итгэл найдварыг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 24
Хүмүүсийн авдаг цалинг, бараа бүтээгдэхүүний үнэтэй харьцуулахад Өмнөд Судан улсад амьдрах өртөг маш өндөр. Өмнөд суданчуудын ихэнх хувь өлсгөлөнд нэрвэгдсэн бөгөөд тэд ихэвчлэн сүү, газрын самар, зөгийн бал, шар будаа, загас, шош зэрэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг.