"И-Монгол академи" УТҮГ нь 2025 онд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор шат дараатай уулзалтууд зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажлуудыг зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаагийн уулзалтад Зам, тээврийн яам болон түүний харьяа байгууллагууд болох Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн төв, Монгол Улсын далайн захиргааны удирдлага, албан хаагчид, мөн "И-Монгол академи" УТҮГ-ын удирдлагууд оролцлоо. Уулзалтаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.
Тодруулбал, Зам, тээврийн яам болон түүний харьяа 5 байгууллагаас төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд нийт 27 үйлчилгээ байна. Үүний 4 үйлчилгээ нь давхар холбоосоор дамжуулан, 2 үйлчилгээ нь мэдэгдэл хүргэх системээр иргэдэд хүргэгдэж байгаа юм. Энэ нь төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр илүү хялбар, хурдан авах боломжийг иргэдэд олгож буй гол механизмуудын нэг болжээ.
Одоогийн байдлаар иргэдийн хамгийн их авсан үйлчилгээнүүдийн дунд авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл 2,952,156 удаа, хот хоорондын авто замын хураамжийн мэдэгдэл 4,685,647 удаа хүрсэн нь E-Mongolia системийн үйл ажиллагаа хэр эрэлттэй явж байгааг харуулж байна.
Цаашид Зам, тээврийн яам түүний харьяа байгууллагуудтай хамтран шаардлагатай эрэлттэй үйлчилгээг системд нэмж оруулах, мөн иргэдийн үйлчилгээ авах процессыг илүү ойлгомжтой, хялбар болгох тал дээр анхаарах болно. Үүний зэрэгцээ, 2025 онд шинээр нэмэгдэх үйлчилгээнүүдийн талаар хамтран ажиллах болон иргэдийн хүлээлтэд нийцсэн үйлчилгээг санал болгохоор хамтран ажиллах юм.