Монгол Улсын төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia нь шинэчлэл, сайжруулалтыг тогтмол хийж, 2024 оны 5-р сарын 7-нд “Иргэнээ хамгаалдаг” уриатай E-Mongolia 4.0 хувилбараа хиймэл оюунд суурилан танилцуулсан. Тэгвэл тус системийг хөгжүүлэгч залуус хиймэл оюун ухааны боломжийг ашиглан өөрсдийн бүтээсэн сүлд дуутай болж, технологийн шинэ шатанд гарч буйгаа илэрхийлж байна.
Энэхүү хиймэл оюунаар зохиосон сүлд дуу нь системийн шинэлэг байдал, технологийн хөгжлийг илэрхийлэхийн зэрэгцээ дахин давтагдашгүй, зохиогчийн эрхийн зөрчилгүй бүтээл болж буйгаараа онцлог юм.
E-Mongolia системд хиймэл оюун ухаан (AI) хэдийн томоохон үүрэг гүйцэтгэж байгаа ба иргэдэд төрийн үйлчилгээг илүү хурдан, хялбар хүргэх зорилгоор чатбот, дуу хоолой таних, өгөгдлийн анализ, нүүр царай таних, автомат орчуулга зэрэг технологийг нэвтрүүлж, хэрэглэгчийн хэрэгцээнд тохируулан төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж байна.
Монгол Улсад хиймэл оюуны хөгжлийг дэмжих, салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор "Data + AI Conference-2025" арга хэмжээг 2025 оны 2-р сарын 13-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Энэхүү чуулганаар Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийн төслийг олон нийтэд танилцуулж, салбарын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг нэгтгэнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хиймэл оюуныг ёс зүйтэй, хариуцлагатайгаар ашиглах, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх юм.