Израилын Ерөнхий сайд Хамас бүлэглэлд хандан "Хэрэв Палестины бүлэглэл бямба гаргийн үдээс өмнө гэхэд барьцаалагдсан хүмүүсийг суллахгүй бол Газын зурвас дахь гал зогсоох хэлэлцээрийг зогсоож, ширүүн тулалдаанаа үргэлжлүүлнэ" гэж анхаарууллаа.
Бенжамин Нетаньяху Хамас бүлэглэл барьцааны хүмүүсийг суллахгүй гэж мэдэгдсэний Израилын цэргүүдийг Газын зурвасын дотор болон эргэн тойронд байршихыг тушаажээ.
Нетаньяху барьцаанд үлдсэн 76 хүнийг бүгдийг нь, эсвэл энэ бямба гарагт суллагдах ёстой гурвыг нь суллахыг шаардаж байна уу гэдгээ тодорхой хэлээгүй. Хамас хариуд нь гал зогсоох хэлэлцээрт үнэнч хэвээр байгаа бөгөөд "ямар нэгэн хүндрэл, саатал гарвал Израил хариуцлага хүлээх болно" гэжээ.
Тус бүлэглэл Израилыг гурван долоо хоног үргэлжилсэн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн, тэр дундаа амин чухал хүмүүнлэгийн тусламжийг хаасан гэж буруутгаж байгаа бөгөөд Израил үүнийг үгүйсгэж байна.
Хамас бүлэглэлийнхэн энэ амралтын өдрөөр барьцааны хүмүүсийг суллахыг хойшлуулах шийдвэр гаргасан нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын буимдлыг төрүүлэв. Д.Трамп хэрэв Хамас бүлэглэл барьцааны хүмүүсийг бямба гараг гэхэд суллахгүй бол "Газын зурвас там" болно гэсэн юм.
Л.Баяр